Хубилай Сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойн хүрээнд \”Тайванийн Үндэсний хааны ордон музей дэх Монголын түүх, соёлын өв дурсгалууд” номын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун, Тайванийн \”Хааны ордон” музейн газрын захирал Сюй Сяодо нар оролцов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ \” Юуны өмнө Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Олон жилийн өмнө Тайванийн \”Хааны ордон” музейг үзэж байхад маш онцгой нэгэн үзмэр олон хүний нүдийг булааж байсан. Тэр нь Манай Улсын нэгэн дарханы урласан алтан аяга байсан юм. Үүнийг хараад өөрийн эрхгүй бишрэх сэтгэгдэл төрсөн. Энэ мэтчилэн тус музейд Монголын түүхтэй холбоотой маш сайхан бүтээлүүд байдаг юм билээ. Энэ бүгдийг Монголчууд очиж үзэх боломжгүй учраас ном болгон хэвлэж, бидний өвөг дээдэстээ холбогдсон өв соёлын чухал түүхэн баримтуудыг дэлгэж, орчин үеийн залуучуудад түүх соёлоо таньж мэдэх боломж олгосонд маш их баяртай байна. Энэхүү номыг бүтээхэд гар бие оролцсон бүх хүнд талархал илэрхийлье” гэлээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун тус номын дээжээс нийслэлийн Архивын газар, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Улаанбаатар хотын музейд гардууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.