Гэрэл зургийг Ч.Ганбат
Олимпоос
медаль авч байрныхаа лизенгийг дарна гэсэн чин хүсэлтэйгээр олимпод мордсон
Олон улсын хэмжээний мастер Д.Отгондалай ямартай ч хүслээ биелүүллээ. Түүнд
ардаа үлдсэн амьдралаа дээшлүүлэх нэг л том хүсэл байсан. Магадгүй энэ олимпоос
л медаль хүртэх ёстой гэсэн ганцхан хүсэл байсан биз. Учир нь медаль хүртвэл
түүнийг шал өөр ирээдүй хүлээж байгаа болохоор тэр. Энэ бол тамирчдаа үнэлж
чаддаггүй бидний л буруу. Гэхдээ Окид хүрэл медалиас илүү хүсэл байсан.
Медалийнхаа өнгийг хувиргаж, эх орон ард түмэндээ өгсөн амлалтаа ахиулан
биелүүлж, захыг нь мушгин суугаа гэр бүлийнхэндээ баярт мэдээ дуулгахаар
зүтгэсэн, тулалдсан. Гэвч олон улсын бокс нэг л биш. Үзсэн тулаан бүр минь
сэтгэлд хүрэхгүй шүүлттэй явагддаг болчихлоо.
Манай
улсын тамирчин тулалдаж буй учраас \”манайх л илүү харагддаг” дутагдал бий.
Гэсэн ч илт даваа \”зодоод байхад” үнэлгээ доогуур өгснийг хараад боксын холбоог
шинэчлэх ёстой юм байна аа гэхээс өөр юу ч бодогдсонгүй. Даанч тийм эрх мэдэлд
бидэнд алга.
Алтны
үнэтэй хүрэл медаль гэж юу байхав. Тэгэж хөөрцөглөөд ч хэрэггүй. Гэхдээ Окигийн
гаргасан хөлс алтан медалаас ч үнэтэй, гаргасан нулимс олимпийн аваргаас ч
хүчтэй гэдгийг харууллаа.
Тийм ээ,
ядуу орны тамирчин үргэлж л даруулдаг. Үүнийг манай ахмад /тухайн үед орноогоор
даруулж байсан/ тамирчид байнга л хэлдэгсэн. Өөрчлөлт шинэчлэлт хэзээ хийгдэнэ
тэр болтол бид зодсон ч зодуулсан болж явсаар л байх болов уу.
Оки чи
баатар байлаа. Дайчин байлаа. Хамгийн гол нь чи ард түмэнд гэхээсээ ард чинь
үлдсэн гэр бүлдээ маш том гавьяа байгуулаад ирж байна. Баяр хүргэе. Цаашид олон
тэмцээн уралдаан чамайг хүлээж байгаа. Нэгэн цагт Мэргэжлийн боксын дэлхийн
аварга Монгол Улсын гавьяат тамирчин Ч.Цэвээнпүрэвтэй ярилцаж суухад \”Монгол
хүний тулааныг харсан гадныхан Чингисийн баатарууд ийм л омголон, дайчин байдаг
байх даа” гэж уулга алддаг тухай ярьж билээ. Тийм ээ, баатарууд минь урагшаа.
Та нарынхаа тулааныг хараад омогшиж, огшиж сууна шүү, ард түмэн чинь.
А.Аюуш