Япон улсад Дэлхийн сагсанбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй FIBA 3×3 World Tour Final тэмцээний үеэр “Токио 2020” зуны олимпийн наадамд оролцох эрх авсан улсуудын нэрсийг зарласан юм.
Эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн багийг зарласан бөгөөд манай эмэгтэйчүүдийн баг маань энэхүү эрхийг ОХУ, БНХАУ, Румын улсын багтай авснаар Монгол улс багийн спортын төрөлд анх удаа олимпийн наадамд оролцох эрхтэй болж байгаа юм.
Онцлон хэлэхэд, эрэгтэйчүүдийн баг маань мөн энэхүү эрхийг авах багийн тоонд багтаж чадсан хэдий ч олимпийг зохион байгуулагч Япон улс өөрсдийн багаа шууд оролцуулах давуу эрхийн хүрээнд эрэгтэй багаа оролцуулах санал өгсөн юм. Ингэснээр Монгол улсын эрэгтэй баг эрхийн төлөөх тоглолт хийхээр болжээ.
Тэдний хувьд ирэх оны гуравдугаар сард Энэтхэгт болох олимпийн эрх олгох тэмцээнд оролцох бөгөөд энэхүү тэмцээнээс эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван багт олимпийн эрхийг олгоно.
Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг өрсөлдөх бөгөөд манай багийн хувьд A хэсэгт багтан тоглохоор болсон байна.
Эх сурвалж: FIBA