ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин жил бүр парламентад хандаж тавьдаг илтгэлээ өчигдөр /2020.01.15/ тавьсан юм. Энэхүү илтгэлийн дараахан Ерөнхий сайд Дмитрий Медведев өөрийн тэргүүлсэн Засгийн газраа тараах шийдвэр гаргаж байгаагаа зарлалаа.
Ерөнхийлөгч Путин Холбооны Ассемблейд үг хэлэхдээ ОХУ-ын Үндсэн хуульд хэд хэдэн суурь өөрчлөлт хийх шаардлагатай байгааг дурдьсан байна. Энэхүү өөрчлөлтөөс хамгийн анхаарал татсан өөрчлөлт бол засаглалын эрх мэдлийг Ерѳнхийлѳгчѳѳс Ерѳнхий сайд руу шилжүүлэх өөрчлөлт. ОХУ-ын Үндсэн хуульд Ерөнхийлөгч нэг удаа улиран сонгогдох эрхтэй хэмээн заасан учир түүний хувьд дахин Ерөнхийлөгчөөр ажиллах боломжгүй болж байгаатай энэ бүхнийг холбон үзэж байгаа юм.
Энэхүү мэдэгдлийн дараа Медведев “Энэ суурь өөрчлөлтүүд нь гүйцэтгэх засаглал, хууль тогтоох, шүүхийн засаглалд хамаатай. Энэ үүднээс ОХУ-ын засгийн газрын тэргүүний хувьд бид Ерөнхийлөгчид шийдвэр гаргах боломж олгох нь зүйтэй юм. Ийм нөхцөлд Үндсэн хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу Оросын засгийн газар одоогийн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой” хэмээн хэлжээ.
Үүнээс гадна шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөлдөх байгууллага болох Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч даргын албан тушаалыг В.Путин санал болгосныг Д.Медведев хүлээн авсан байна. Түүний хувьд 2012 онд ОХУ-ын ерөнхий сайдаар томилогдож байсан юм.