Их Британи товлосны дагуу нэгдүгээр сарын 31-нд буюу өнөөдөр Европын Холбооноос гарах гэж байна. Олон жил үргэлжилсэн маргааны эцэст BREXIT ийнхүү албан ёсоор хэрэгжихээс нэг цагийн өмнө Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдэл хийх юм байна.
Энэ үеэр тэрбээр их британичуудыг эв нэгдэлтэй байхыг уриалж, төгсгөл биш шинэ эхлэл тавигдаж буйг зарлахаар төлөвлөжээ. Үүнээс өмнө Борис Жонсон Английн зүүн өмнөд хэсгийн Сандерленд хотноо кабинетаа хуралдуулахаар товлосон байна. Консерватив намын дэмжигчдийн тоо доогуур байж ирсэн бүсэд Борис Жонсон анхаарал хандуулж буйг илтгэж байна.
Их Британи Европын Холбооноос гарсны дараа шилжилтийн хугацаа эхэлж, нэг жил үргэлжилнэ. Энэ үеэр худалдаанаас авхуулаад чухал асуудлуудыг хэлэлцэх тул илүү ширүүн маргаан өрнөж магадгүй байгаа аж. Түүнчлэн шилжилтийн хугацаанд Их Британи Европын Холбооны дүрэм журмыг үргэлжлүүлэн мөрдөнө. Шаардлагатай нөхцөлд сунгаж магадгүй гэдгээ Европын Холбооны талаас илэрхийлжээ.