Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн XVII жарны Хотол хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярын мэндчилгээ
Монгол сайхан эх орондоо ажиллаж, амьдарч байгаа болон дэлхийн өнцөг булан бүрт тархан суугаа элэг нэгт Монголчууд та бүгддээ сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.
Хувьтай хүн хулгана жилийг үздэг хэмээн бэлэгшээдэгчлэн олон түмний буян заяа тэгширсэн сайхан жил гарч байна. Цагаан сар бол Монголчууд бидний өв соёлоо өвлүүлэх, удам судар, ураг төрлөө мэдэлцэх, эв эеийг эрхэмлэн дээдлэх, төрт ёс, тусгаар тогтнолын дархлааг илтгэсэн уламжлалт сайхан баяр.
Энэ жил хөрш БНХАУ болон дэлхийн олон оронд Шинэ коронавирусийн өвчин дэгдэж, мянга мянган хүний амь нас, эрүүл мэнд хохирч, нийгэм, эдийн засагт асар их дарамт учруулж байна. Манай улсад энэ өвчний халдвар тархах өндөр эрсдэлтэй учир төр, засгаас болзошгүй аюулаас сэргийлэн боломжтой бүх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байна.
Гэхдээ бид тайвширч болохгүй. Аюулт өвчний халдвараас сэргийлэх, таслан зогсооход иргэн бүрийн үүрэг, хариуцлага, оролцоо хамгийн чухал байна.
Та бүхэн сар шинийн баяраараа ёс заншлаа гүйцэтгэн, азай буурлуудынхаа амар мэндийг эрж, цахимаар золголт хийхийг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд дахин уриалж байна. Бид ямар их хариуцлагатай ард түмэн болохоо энэ цагаан сараар харуулцгаая.
Ингээд ирж буй төмөр хулгана жилдээ айл өрх бүрийн амьдрал ахуй өөдлөн дэвжиж, төр улсаараа элбэг дэлбэг, түмэн олноороо тэнүүн жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.