УИХ-ын 2020 оны сонгуулийн саналын хуудас хэвлэгдэж дууссан. Маргааш буюу энэ сарын 16-нд 21 аймгийн сонгуулийн хороодуудад санал тоолох машины хамтаар хүлээлгэн өгч дуусна. Тэгвэл саналын хуудсыг хэвлэх компаниудад шалгаруулалт явагдсангүй гэж зарим хэвлэлийн компаниудаас гомдол санал Сонгуулийн ерөнхий хороонд иржээ.
Энэ удаагийн сонгуулийн саналын хуудсыг “Монголын үнэт цаас хэвлэл”, Таван богд менежмэнт” компани хэвлэж байгаа юм. Сангийн Яамнаас үнэт цаас хэвлэх тусгай зөвшөөрөл авсан 10 гаруй компани байдаг юм байна. Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудас хэвлэх компанийг сонгон шалгаруулах өмнө Канадын Доминайн вотинг системс компаниар дүгнэлт гаргуулжээ.
Энэ дүгнэлтээр Монголын үнэт цаас хэвлэл”, Таван богд менежмэнт” компаниуд техник тоног төхөөрөмжийн хүчин чадал сайтай, ажиллах хүчний туршлагатай, аюулгүй ажиллагааг бүрдүүлсэн төдийгүй үнэт цаасны чанар, нууцлалын эльмент сайн гэж гарсан тул Сонгуулийн ерөнхий хороо сонголтоо хийж, 2020 оны УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг хэвлэх эрхийг хувааж олгожээ.
Сонгуулийн саналын хуудсыг хэвлэх болон битүүмжлэх ажлыг СЕХ-ны Ажлын хэсэг болон ТЕГ, Төрийн тусгай хамгаалалтын газар, ЦЕГ, ОБЕГ-ын хяналтан дор гүйцэтгэдэг байна. Мөн нам эвслүүдийн төлөөлөгчид, бие даагчдын албан ёсны итгэмжлэгсэн төлөөлөгч ажиглалтыг хийж байгаа юм байна. Хөндлөнгийн ажиглагчаар “Мидас” ТББ ажиллаж байна.