УИХ-ын Байнгын хороод хуралдаж байна. Шинэхэн гишүүд ч өөрийн хуралд сонгогдсон зорилгоо цухалзуулж, багаа хуулав гэгчээр л юмнууд болж байгаа харагдлаа.
Жишээ нь Ц.Цэрэнпунцаг гишүүн хайгуулын лиценцүүдийг ашиглалтын болгож өөрчлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, өөрийгөө лобби бүлгийн төлөөлөл болохоо батлав. Харин УИХ-ын гишүүн Ж.Батсуурь /Сүхбаатар аймгаас сонгогдсон/ Монголчуудыг тунч их басамжилсан үг хэлж, иргэдийн дургүйцлийг төрүүлэх боллоо.
Тэрээр “УИХ-ын 76 гишүүний 3-ны 2 нь хөдөөнөөс сонгогдсон. Уул уурхай шүтэж амьдраад ач холбогдол байхгүй. Одоо Улаанбаатарын махыг ярихаа болих хэрэгтэй. Эрээн хотод 1 кг мах 36.000-50.000 төгрөг. Гэтэл Монголд 7000-8000 төгрөг байна. Малчид дөнгөж өсөж, өндийх гэхээр махны үнийг буулгачихдаг. Миний бодлоор 20 гаруй сая малыг 20-30 мянгаар/бодвол кг тутамд гэж ярьж байгаа нь тэр байх/ зарвал хөдөөд орон сууцны зах зээл, эдийн засгийн бааз суурь нэмэгдэнэ” гэв.
Өөрөөр хэлбэл одоо Улаанбаатарт байгаа хүмүүсийг бодолгүйгээр хөдөөгийн малчдыг бодож махны үнийг нэмэх ёстой гээд хэлчихлээ. Би лав тэгэж л ойлгов. Хөдөөнөөс сонгогдсон хүн учраас хөдөөнийхөн, хөдөөгийн малчид сайхан амьдрах ёстой гэж попрох нь зөв л дөө.
Гэхдээ Монгол Улсын нийт хүн амын тал нь энэ Улаанбаатарт чинь амьдардаг гэдгийг мэдэх үү, хөдөөний гишүүн ээ?
Эдгээр хүмүүс өөр шиг чинь малын толгой толгойгоор нь нядалж иддэггүй юм аа. Харин кг-аар нь жигнэж, түүнийгээ дараагийн цалиндаа хүртэл жижиглэж, хөлдөөж байгаад иддэг юм. Тан шиг 130-аад саяар үнэлэгдэх адуу малтай, 2 тэрбумаар үнэлэгдэх орон сууцтай хүн махыг кг-аар жинлэж, атга атгаар нь жижиглэж, хөлдөөдөг жирийн иргэдийн амьдралыг яаж мэдэх вэ.
Тэгэхээр хотын хөрсөнд бууж чадахгүй байгаа гишүүн та хөдөөнөө очиж амьдарна уу. Ярьсан хэлсэн чинь ёстой огтоос таалагдсангүй.