Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нар 21 сая ам.долларын санхүүжилтийн хоёр гэрээнд гарын үсэг зурлаа.
Уг ёслолын арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд А.Ариунзаяа болон бусад албаныхан оролцов. Нийт санхүүжилтийн 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Онцгой байдлын дэмжлэг болон Хөдөлмөр эрхлэлтийн төсөл”, нэг сая ам.долларын буцалтгүй тусламжийг эрүүл мэндийн салбарт зарцуулах аж.
“Онцгой байдлын дэмжлэг болон Хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн хүрээнд:
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааг сайжруулах,
Бичил бизнес эрхлэгчдэд хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх боломж олгох юм.
Түүнчлэн цар тахлын үед шаардлага хангасан хөдөлмөр эрхлэгчдийн санхүүгийн ачааллыг бууруулж нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх боломжийг бүрдүүлэхээр арга хэмжээ авч ажиллах аж.
Нэг сая ам.долларын буцалтгүй тусламжийг эрүүл мэндийн салбарт зарцуулах буюу онцгой нөхцөлд ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдийг хувийн хамгаалах хэрэгслээр хангана.
20 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ НЬ ЖИЛИЙН 1,25 ХУВИЙН ХҮҮТЭЙ, ГУЧИН ЖИЛИЙН ХУГАЦААНД ТӨЛӨХ ХУГАЦААТАЙ
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Өнөөдөр гарын үсэг зурсан 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл нь жилийн 1,25 хувийн хүүтэй, гучин жилийн хугацаанд төлөх, эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх зээл юм.
Өнгөрсөн хугацаанд өндөр хүүтэй бонд, арилжааны банкнуудаас өндөр хүүтэй, богино хугацааны зээл авахгүйгээр аль болох урт хугацаатай, хүү багатай, эргээд төсөвт дарамт болохгүй байх арга хэлбэрийг эрэлхийлж байна гэв.
Түүнээс өмнөх зээлүүдийн эргэн төлөлтийн асуудлаар тодруулахад Тэрээр, Нийтдээ хоёр их наяд төгрөгөөр зээлийг төлж байна. Энэ нь дотроо гурван янз байна.
Нэгдүгээрт, өмнө нь гаргасан “Чингис”, “Мазаалай” зэрэг бонд байна.
Хоёрдугаарт, 1991 оноос авч хэрэгжүүлж буй 270, 290 орчим төслийн хүүг санхүүжүүлж байна.
Гуравдугаарт арилжааны банкнаас өндөр хүүтэй авч байсан дотоодын бондуудад бий хэмээлээ.
ХАЛАМЖААС ГАРАХЫН ТУЛД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЁСТОЙ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд А.Ариунзаяа, Өнөөдрийн гарын үсэг зурж буй 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл нь манай улсад хэрэгжиж буй зээлийн үргэлжлэл юм. Цар тахалтай холбоотойгоор ААН-ид ажилгүйдлийн тэтгэмж, Нийгмийн даатгалаас чөлөөлөх гэх мэт тэтгэмжид зарцуулдаг. Дэлхийн банк бол манай улсын хамгийн том хамтрагч байгууллага. Ядуурлын судалгаан дээр Үндэсний статистикийн судалгаан дээр хамтарч ажиллаж, хоёр жил тутамд шинэ судалгаа гаргадаг. 2018 оны хувьд Монгол Улсын ядуурал 28,4 хувь байсан. Гурван хүн тутмын нэг нь ядуу байгаа юм. Үүнд хүүхэд, залуусын хувь их байдаг.
Энэ оныг манай яам халамжаас хөдөлмөр рүү шилжих жил болгон зарлан, зорилт тавин ажиллаж байна. Халамжаас гарахын тулд хөдөлмөр эрхлэх ёстой. Хөдөлмөрийн зах зээлийг үйлчлүүлэгч төвтэй байлгахын тулд өнөөдрийн хөнгөлөлттэй зээлийг зарцуулах юм.
2020 он бол мэдээлэл цуглуулах үе шат болж байна. Энэ оныг манай яам халамжаас хөдөлмөр рүү шилжих жил болгон зарлан, зорилт тавин ажиллаж байна. Халамжаас гарахын тулд хөдөлмөр эрхлэх ёстой. Хөдөлмөрийн зах зээлийг үйлчлүүлэгч төвтэй байлгахын тулд өнөөдрийн хөнгөлөлттэй зээлийг зарцуулах юм. Үр шимийг нь иргэд нийтээр хүртэх ба ядуу өрх, залууст илүү анхааран ажиллана. Ажил олгогч, ажилтан хоёрын хоорондох уялдаа холбоонд нийцүүлсэн e-job платформыг нэвтрүүлнэ. МСҮТ-тэй хамтарч ажиллана.
ЭНЭ ХОЁР САНХҮҮЖИЛТ НЬ МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ, АРД ИРГЭДИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ЗАРЦУУЛАГДАНА
Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев, Өнөөдөр бид санхүүжилтийн хоёр хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Эхнийх нь нэг сая ам.долларын буцалтгүй тусламж юм. Энэхүү санхүүжилтийг Дэлхийн банкны онцгой байдлын, цар тахлын үед хэрэгжүүлж буй хөтөлбөрөөс Монгол Улсад олгож буй санхүүжилт юм. Хоёр дахь санхүүжилт нь 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл юм. Уг зээл нь Монгол Улсад өрнөж буй нийгмийн хамгааллын салбарт хэрэгжих ажлуудад зориулагдана. Өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын санд зарцуулах юм. Энэ хоёр санхүүжилт нь Монгол Улсын төлөө, ард иргэдийн сайн сайхны төлөө зарцуулагдана гэсэн юм.
Түүнчлэн тэрээр Дэлхийн банк цар тахал гараад буй энэ цаг үед нийгмийн хамгааллын салбар буюу ажилтнуудад тулгараад буй асуудлыг шийдэх зорилготойгоор эл зээл, санхүүжилтийг олгож байна. Цаашид ч энэ тал дээр анхаарна гэдгийг онцолж байв.