Өнөөдөр УБТЗ нийгэмлэгийн удирдлагууд албан хаагчдынхаа эрх ашгийг зөрчиж байгаа талаар үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд хамтран олон нийтэд хандан мэдээлэл хийлээ.
МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМЧДЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ДАРГА Б.БАЯРАА: “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйд тавих арга барилаа сайжруулахдаа дутуу ажилладаг. Хувь хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалахад ахиж дэвшил гарахгүй байна.
УБТЗ нийгэмлэгт ажлын байрны дарамтын асуудал байдаг. Хүний эрхийн үндэсний комиссоос зөвлөх хүн ажиллаж байгаа ч дарамт шахалт үзүүлж буй хүмүүсээ хамгаалж, нам улс төр, танил талыг харгалзан ханддаг. Жирийн ажилчдын хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажилласан хугацааг нь багасгадаг.
Тус байгууллагад мөн албан тушаалын гэмт хэрэг үе үе гардаг. 2019 онд нэгэн байгууллагад гэнэтийн шалгалт орж ноцтой асуудлыг дэлгэн тавьсан ч замын орлогч дарга нь хөөн хэлэлцэх хугацааг нь өнгөрөөж орхисон. Үүний цаана 15 тэрбум төгрөгийн зөрчил байгаа юм. Энэ бол маш том гэмт хэргийн үйлдлийг нуун дарагдуулсан асуудал.
Өнөөдөр надад хамаагүй гэхэд ирээдүйд ажиллах хүмүүст шударга ёсыг тогтоох нь иргэний хувьд зайлшгүй үүрэг юм. Одоогийн байдлаар тэтгэвэр буруу тогтоолгосон асуудлаар шүүхэд хандахад бэлэн болсон 5 хүн байна. Цаашид энэ асуудлаар хэдэн хүн хохирохыг мэдэхгүй байна. УБТЗ нийгэмлэгийн удирдлагууд өөрт таалагдсан хүмүүсээ ажиллуулаад, давхар цалин өгч байна” гэв.