Чилид “COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөр ирэх долоо хоногт эхэлнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Себастьян Пинера ням гарагт мэдэгдлээ. Чилид халдварын 585 545 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.
“Бид вакцинжуулалтыг ирэх долоо хоногт эхлүүлэхээр төлөвлөж байна. Эхний ээлжинд хүнд өвчтөнүүдийн хэвтэн эмчлүүлж буй тасгийн ажилтнуудыг дархлаажуулна” гэж тэрбээр мэдэгджээ.
Дараагийн ээлжинд өндөр настай, суурь өвчтэй, “COVID-19”-тэй тэмцэж буй ажилтнуудад вакцин хийхээр төлөвлөсөн байна.
Чилид ням гарагт халдварын 2191 тохиолдол шинээр илэрч, 53 хүн нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Чилид тухайн өдрийн байдлаар халдварын улмаас 16154 хүн нас баржээ.
Чилийн Засгийн газраас пүрэв гарагт мэдээлснээр, 2021 онд 30 сая гаруй вакцин авахаар төлөвлөж байгаа бөгөөд вакцинжуулалтыг “Pfizer-BioNTech” компанийн 20 мянган тун вакцинаар эхлүүлэх ажээ.