Улсын нэгдүгээр төв эмнэлэгт PCR шинжилгээ хийх молекул биологийн лаборатори байгуулж, өнөөдөр ашиглалтад орууллаа.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран нар лабораторийн үйл ажиллагааны нөхцөл, хүчин чадалтай танилцан, эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчдад ажлын амжилт хүсэв.
Ерөнхий сайд хэлсэн үгэндээ,“Дэлхий нийтээр “COVID-19” цар тахалтай нүүр тулж, дор бүрнээ хичээн тэмцэж байгаа энэ үед Монгол Улс орон нутгаа халдваргүй бүс болгож, нийслэл дэх халдварын тархалтыг тодорхой хэмжээнд хумьж байна. Энэ нь эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчдын хичээл зүтгэлийн үр дүн. Халдварын тархалтыг илрүүлэн шинжлэх ажлыг улам эрчимжүүлэх шаардлагатай энэ үед өндөр хүчин чадалтай лаборатори нээж байгаа нь цаг үеэ олсон чухал ажил. Үүнд Азийн хөгжлийн банкнаас дэмжлэг олгосонд талархаж байна. Удахгүй БНЭУ-аас “COVID-19”-ийн вакцин авахаар болсон. Нэн тэргүүнд эмч, эмнэлгийн ажилтнууд болон ахмад настнууд, эрхтэн шилжүүлэн суулгуулсан зэрэг эрсдэлтэй бүлгийн иргэдээ хамруулахаар төлөвлөж байна” гэлээ.
УНТЭ-т лаборатори нээснээр Улаанбаатар хотод ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ гээд нийт дөрвөн газарт PCR шинжилгээг зэрэг хийх боломжтой болж байна.
Энэ нь Улаанбаатар хотын PCR шинжилгээний хүчин чадлыг 25 хувиар нэмж байгаа гэсэн үг юм. Лаборатори хоногт 6000-8000 шинжилгээ хийх хүчин чадалтай. Нийт 1.91 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар БНСУ-ын Seegene үйлдвэрийн Bio-Rad CFX96 маркийн PCR, БНХАУ-ын Sansure Biotech Natch CS маркийн нуклейн хүчил ялгагч зэрэг дэлхий дахинаа хамгийн сүүлийн үед хэрэглэж буй, хүчин чадал ихтэй, шинжилгээний нарийвчлал сайтай аппарат, хэрэгслээр тоноглосон байна.
Ажиллах боловсон хүчнийг сургалтад хамруулж, орон нутгийн долоон аймгаас 14 эмч, лабораторийн ажилтныг татан ажиллуулж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.