Арабын Нэгдсэн Эмирт Улсын /АНЭУ/ гараг хоорондын “Al Amal” /Итгэл найдвар/ станц Ангараг гаргийн тойрог замд өнөөдөр хүрнэ.
WAM агентлагийн мэдээлж буйгаар, “Al Amal” Улаан нүдэн гаргийн цаг уурын анхны зураглалыг бүтээх мэдээлэл цуглуулахаас гадна, гаргийн агаар мандлыг судлах юм. Уг аппарат Ангарагийн нэг жил буюу дэлхийн 687 өдөр гаргийг тойрон эргэх төлөвтэй байна.
АНЭУ, БНХАУ болон АНУ Дэлхий ба Ангараг гаргууд хоорондоо хамгийн ойр зайд байх үеийг ашиглаж, өнгөрсөн оны долоодугаар сард Ангарагийг судлах аппаратаа хөөргөжээ.
Хятадын “Тяньвень-1” болон Америкийн илгээсэн “Perseverance 2020” аппаратууд “Al Amal”- аас ялгаатай нь Улаан нүдэн гаргийн гадаргуу дээр буух юм.
Урьд нь АНУ, Энэтхэг, ЗХУ болон Европын сансрын агентлагийн илгээсэн аппаратууд л Улаан нүдэн гарагт амжилттай хүрч байжээ.