АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан болон БНХАУ-ын Гадаад харилцааны төв комиссын дарга Ян Жиечи, Гадаад хэргийн сайд Ван И нарын дээд хэмжээний уулзалт пүрэв гаригт Аляска мужийн Анкераж хотноо эхэллээ.
БНХАУ-аас АНУ-д суух Элчин сайд Цуй Тианкаи уулзалтын өмнө “Хэрэв Бээжин буулт хийнэ гэж бодож байвал Вашингтон эндүүрч байна” гэж мэдэгдсэн. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен “Бид Шинжаан, Тайвань Хонконгийн хүний эрхийн асуудал, Бээжин АНУ-ын эсрэг кибер халдлага зохион байгуулсан болон манай холбоотнуудад эдийн засгийн шахалт үзүүлж байгаа зэрэг Хятадын эрх баригчдын санаа зовоосон үйл ажиллагаатай холбоотой асуудлуудаар хэлэлцэх болно. Эдгээр үйлдэл бүр нь олон улсын нийтлэг дэг журамд суурилсан дэлхийн тогтвортой байдалд заналхийлж байна” гэж мэдэгдээд байв.
Тиймээс олон улсын ажиглагчид хоёр их гүрний төлөөлөгчдийн энэ удаагийн уулзалт тийм ч найрсаг харилцаатай өрнөхгүй гэж дүгнэж байсан юм. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү уулзалт нь АНУ-ын Ерөнхийлөгч Жой Байдены засаг захиргааны хувьд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүдтэй хийх анхны яриа хэлэлцээ гэдгээрээ утгаараа олон улсын ажиглагчдын анхаарлын төвд байгаа юм.
Тэгвэл пүрэв гаригт эхэлсэн хоёр орны дипломат дээд албан тушаалтнуудын уулзалт нэлээд ширүүн уур амьсгал дунд өрнөлөө. Уулзалтын үеэр Цагаан ордны тал Бээжингийн төлөөлөгчдийг дээд хэмжээний уулзалтын протоколыг зөрчсөн гэж буруутгасан юм.
Тухайлбал, аль ч улсын төлөөлөгчдийн төрийн өндөр дээд хэмжээний уулзалтын эхэнд хэвлэлийнхэнд зориулж цөөн минутын нээлтийн үг хэлдэг уламжлалтай. Тэгвэл энэ удаагийн уулзалтын нээлтийн үг бараг нэг цаг гаруй үргэлжилсэн бөгөөд талуудын төлөөлөгчид хэвлэлийнхнийг уулзалтын өрөөнөөс хэзээ гаргах талаар хүртэл хэлэлцсэн байна. Харин үүний дараа АНУ-ын албан тушаалтан Хятадын төлөөлөгчид талууд тус бүр хоёр минут нээлтийн үг хэлэхээр урьдчилан тохирсон дээд хэмжээний уулзалтын протоколыг зөрчсөн гэжээ.
Тэрээр хэвлэлийнхэнд “Хятадын төлөөлөгчид олон нийтийн өмнө жүжигчилсэн тоглолт хийхдээ анхаарлаа төвлөрүүлж, байдлыг сүржигнүүлэх зорилготой ирсэн бололтой. Энэ мэт хэтрүүлэгтэй дипломат танилцуулга нь ихэвчлэн дотоодын үзэгчдэд чиглэсэн байдаг” гэсэн юм. Мөн Антони Блинкен болон Жейк Салливан нар уулзалтын эхэнд дипломат ёсонд төдийлөн нийцэхгүй үйлдлүүд хийж байсан талаар “Reuters” агентлаг онцолжээ.
Уулзалтын эхэнд БНХАУ-ын Гадаад харилцааны төв комиссын дарга Ян Жиечи 15 минутын турш үг хэлэх үеэрээ АНУ-ын ардчилал амь тавьж байна. Тус улс үндэсний цөөнхүүдтэйгээ ялгаварлан харьцдаг гээд АНУ-ын гадаад худалдааны бодлогыг хурцаар шүүмжилсэн байна.
Тэрээр уулзалтын үеэр “АНУ нь цэрэг, эдийн засгийн ноёрхолоо ашиглан урт хугацааны харьяалал хэрэгжүүлж, бусад улс орнуудыг дарангуйлдаг. АНУ үндэсний аюулгүй байдал гэх ойлголтыг зүй бусаар ашиглаж, худалдааны хэвийн солилцоонд саад учруулан, улмаар зарим улс орнуудыг Хятадын эсрэг өдөөн турхирч байна. БНХАУ-ын өмнөөс хэлэхэд Вашингтон Бээжинтэй хүчтэй, дээрэнгүй, дээр байр сууриас харьцаж чадна гэж бодож байвал эндүүрч байна. АНУ Хятадтай 20, 30 жилийн өмнө ч ингэж харьцаж чадаагүй. Учир нь энэ бол Хятадын ард түмэнтэй харьцах арга зам биш” гэж мэдэгдсэн юм.
Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен уулзалтын дараа сэтгүүлчдэд “АНУ Хятадтай зөрчилдөхийг эрэлхийлээгүй. Бид зарчим болон холбоотнуудынхаа төлөө зогсох болно” гэжээ.
Уулзалтаас өмнө АНУ-ын тал Үндэсний аюулгүй байдлын хүрээнд Хятадын үүрэн холбооны компаниудын лицензийг цуцалж, технологийн хэд хэдэн компаниудад зарлан дуудах хуудас хүргүүлж, Хонконгийн ардчиллыг дарангуйлж байгаа асуудлаар БНХАУ-д тогтоосон хориг арга хэмжээгээ өргөжүүлээд байсан юм.
Харин уулзалтын үеэр БНХАУ-ын Гадаад харилцааны төв комиссын дарга Ян Жиечи АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкенд хандан Вашингтоны тал уулзалтыг угтан зориуд хориг арга хэмжээ авсан эсэх талаар асуусан аж. Тэгвэл Антони Блинкен АНУ дахь Уйгур иргэдийн холбоо түүнд захидал хүргүүлж Бээжингийн эрх баригчдыг Шинжаан дахь бөөнөөр хорих лагеруудыг хаахыг шаардсан болохыг уламжилсан байна.
Мөн тэрээр Цагаан ордны өмнөх тэргүүн Доналд Трампын засаг захиргааны үед АНУ-ын Төрийн департаментаас Бээжин Шинжаан дахь Уйгур иргэдийн эсрэг геноцид үйлдэж байна гэж үзсэн явдлыг дэмждэг болохоо илэрхийлжээ. Хариуд нь Хятадын төлөөлөгчид уг асуудлыг эрс няцаасан байна.
Эхний өдрийн уулзалтын төгсгөлд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Бээжин Хойд Солонгост үзүүлэх нөлөөгөө ашиглан тус улсыг цөмийн зэвсгээсээ татгалзахыг ятгана гэж найдаж байгаагаа илэрхийлсэн юм. Харин БНХАУ-ын Гадаад харилцааны төв комиссын дарга Ян Жиечи АНУ дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцож байгааг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд, АНУ өөрийн хэргийг, БНХАУ өөрийн хэргийг шийдвэрлэх ёстой гэж мэдэгдсэн байна.
Их гүрний төлөөлөгчдийн өнөөдрийн уулзалт түлхүү худалдааны асуудлын хүрээнд өрнөх төлөвтэй байгаа юм. Талууд уулзалтын төгсгөлд хамтарсан мэдэгдэл гаргах талаар одоогоор ямар нэгэн албан ёсны мэдээлэл гараагүй байна.