НХАУ-ын Батлан хамгаалах яам баасан гаригт “Tesla” компанийн автомашиныг тагнуулын тоног төхөөрөмжтэй байж болзошгүй учраас тус улсын цэрэг, армийн байгууламжуудад нэвтрэхийг хориглосон.
Тэгвэл бямба гаригт цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн үүсгэн байгуулагч Элон Маск хэрэв түүний машинуудад суурилуулсан камерууд тагнуулын төхөөрөмж хэлбэрээр ашиглагддаг байсан бол компанийнхаа үйл ажиллагааг аль эрт зогсоох байсан гэж мэдэгдлээ.
Тэрээр бямба гаригт цахим хэлбэрээр зохион байгуулагдсан Хятадын хөгжлийн форумд оролцох үеэрээ “Бидэнд аливаа мэдээллийг өндөр хэмжээнд нууцлах маш хүчтэй схем байдаг. Хэрэв Tesla Хятадад эсвэл дэлхий өөр аль нэг улсад тагнуулын зориулалттай ашиглагдсан бол бид аль хэдийн хаагдах байсан” гэжээ.
БНХАУ болон АНУ-ын дипломат төлөөлөгчид Аляска мужийн Анкераж хотноо хоёр өдрийн турш нэлээд ширүүн уур амьсгал дунд уулзалт өрнүүлсэн. Вашингтоны тал төрийн дээд хэмжээний уулзалтын өмнө үндэсний аюулгүй байдлын хүрээнд Хятадын үүрэн холбоо болон технологийн салбарын томоохон компаниудад тогтоосон хориг арга хэмжээгээ өргөжүүлээд байв. Тэгвэл уулзалтын дараа Бээжингийн тал “Tesla” автомашиныг цэргийн байгууламжууддаа нэвтрүүлэхийг хориглосон явдлыг ажиглагчид хоёр орны хурцадмал харилцаатай холбон тайлбарлаж байгаа юм.
Мөн Элон Маск Хятадын хөгжлийн форумд оролцох үеэрээ дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч хоёр их гүрний удирдагчдад хандан харилцан итгэлцэл, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийг уриалсан байна.