УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, баталлаа.
УИХ өнгөрөгч оны 12 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталсан билээ. Тэгвэл Үндсэн хуулийн цэц тус хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нарт тавигдах шаардлага, өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй талаар тусгаагүй байна гэж үзсэн.
Цэцийн дүгнэлтийг үндэслэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд дараах хоёр өөрчлөлтийг оруулжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3.1.2. “нэр дэвшигч” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн 30 зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан шаардлагыг хангаж Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг ойлгохоор;
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3.1.2-т заасан шаардлага хангасан, Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаагүй, Монгол Улсын уугуул иргэн зөвхөн нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй байх зохицуулалтыг тусгажээ.
Хуулийг 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн дагаж мөрдөнө.