Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан УИХ Өршөөлийн хууль батална. Хуулийн төслийг Хууль зүй дотоод хэргийн яам боловсруулж байгаа бөгөөд удахгүй УИХ-д өргөн барих юм байна. Ингээд Үндэсний их баяр наадмын өмнө Өршөөлийн хуулийг батлах аж.
Бид хуулийн төслийн талаар Хууль зүйн дотоод хэргийн яамнаас тодруулахад “Энэ хуулийн төслийн талаар одоохондоо мэдээлэл өгөх боломжгүй. Тодорхой болсон зүйл алга” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Харин Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэвлэлд ярилцлага өгөхдөө“Өршөөлийн хууль батлах эсэх талаар мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ. Засгийн газар болон УИХ Өршөөлийн тухай хууль батлах асуудлыг нууцалж байгаа бололтой. Гэхдээ ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж Өршөөлийн хуулийн төсөл боловсруулж байгаа гэдгийг хэлээ. Тэрээр “Өршөөлийн хуулийн төсөл боловсруулж байгаа. Өршөөлийн ажиллагаа гэдэг бас амаргүй ажиллагаа байдаг. 6000,7000 хоригдлын дунд өршөөлд хэнийг хамруулах вэ гэдэг асуудлыг ярьдаг. Хуучин 1200 орчим хоригдол байнга суллагддаг байсан. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хорихоос өөр төрлийн ял гэх мэт хамрагддаг. Энэ ажлыг зохион байгуулахад нэлээд хүн хүч, хөрөнгө мөнгө шаарддаг. 100 жилийн ойгоор ийм хууль батлах юм байна гэсэн хүлээлт олон нийтийн дунд бий. Тэгэхээр ямар нэгэн байдлаар ийм хууль гаргана.
Би 1984 оноос хойш Өршөөлийн хуульд оролцсон. 2015 онд Х.Тэмүүжингийн батлуулсан хуулиар энэ Өршөөлийн хуулийг хийнэ. Ял эдэлж байгаа хүмүүсийн дотор хуучин хуулиар шийтгүүлсэн, шинэ хуулиар шийтгүүлсэн хүмүүс байгаа. Энэ хоёрын хооронд асуудал үүснэ. Тиймээс энэ бүхнийг зөв зохион байгуулах хэрэгтэй” гэв.
Манай улс түүхэн тэгш ойгоор Өршөөлийн хууль баталж, олон хүнд өршөөл үзүүлдэг. УИХ-ын дарга Г.Зандашатар өмнө нь Өршөөлийн хууль батална гэдгийг хэлж байсан юм. Тэрээр “Дэлхий олон оронд цар тахлын үед хамгийн эрсдэлтэй нөхцөлд шоронгийн нөхцөлийг тооцож байгаа. Тийм ч учраас ялаас чөлөөлөх, өршөөл үзүүлэх асуудал яригдаж байгаа. Хөнгөн ялтай хоригдлуудаар ажил хийлгэж, чөлөөнд гаргах ч асуудал яригдаж байгаа. Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн төвшинд судалж үзэхийг чиглэл болгосон. Энэ хүрээнд цар тахлын үед хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, өршөөл уучлал үзүүлэх нэг удаагийн хуулийн боломжийг судалж байна” гэж хэлсэн.
Монгол Улсын Их хурал 1990 оноос хойш 30 жилийн хугацаанд зургаан удаа Өршөөлийн хууль баталсан байгаа юм. Үндсэндээ 4-6 жилийн давтамжтайгаар Өршөөлийн хууль гаргасан. Хамгийн сүүлд 2015 оны наймдугаар сарын 11-нд Өршөөл үзүүлэх тухай хууль баталсан байдаг. Улстөрчид өөрсөддөө зориулж Өршөөлийн хууль баталж байна гэх хардлага нийгэмд бий. Энэ удаад ч гэсэн Өршөөл үзүүлэх хуулиар авлига албан тушаалын хэрэгтнүүдээ өршөөх, ял бууруулах эсэх маргаан нь улстөр болж байгаа бололтой. Хамгийн сүүлд буюу 2015 онд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг мөн л улстөрчид өөрсөддөө зориулан гаргасан гэсэн хардлага бий. Учир нь тус хуулийг баталснаар татварын өртэй бүх аж ахуйн нэгжийг өршөөж байв. Тус хуулийн хүрээнд татвараас зайлсхийсэн, нуусан, аж ахуйн нэгжүүдийг эрүүгийн болон захиргааны хариуцлагаас чөлөөлсөн төдийгүй холбогдох мэдээллийг нууцлах, хяналт, шалгалт явуулах боломжгүй болгосон билээ.