Даваа гарагаас эхлэн хоёр долоо хоногийн хугацаанд Сөүл хот орчмын фитнес клубүүдэд 120 bpm (beats per minute)-ээс илүү түргэн хэмнэлтэй дуу хөгжим тоглуулахыг хориглож, гүйлтийн замын хурдыг 6 км/цагаас хэтрүүлэхгүй байх журам хэрэгжиж байна.
Хязгаарлалтын улмаас түргэн хэмнэлтэй дуу дуулдаг Blackpink хамтлаг BTS хамтлагаас илүү хохирол амсахаар болж байгааг мэргэжилтнүүд мэдээлсэн байна.
Тус улсын хит парадын топ 10 дууны найм нь дээрх шаардлагыг хангаж байгаа ажээ. Тухайлбал BTS хамтлагийн “Butter”, “Dynamite” гэсэн хоёр хит дууны хэмнэл 110-115 bpm орчимд хэлбэлздэг гэнэ. Харин охидын Blackpink хамтлагын бүх хит дуунуудын хэмнэл 130 bpm орчимд байдгийг мэдээлжээ.
Өмнөд Солонгост цар тахлын дөрөв дэх давалгаа эхэлж, өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо 1,000-аас буухгүй байгаа. Ням гарагт тус улсад халдварын 1,100 тохиолдол шинээр нэмэгджээ.
Иргэдийн фитнес клубээр нэг удаа үйлчлүүлэх хугацааг хоёр цагаар хязгаарлаж, дараа нь шүршүүрт орохыг хориглосон байна.
Спортын бүх заал танхимууд оройн 10:00 цагаас хаах журам хэрэгжиж эхэлжээ.
Сөүл хотын олон нийтийн газарт цугларах хүмүүсийн тоог дөрвөөр хязгаарлах бол оройн 6:00 цагаас хойш хоёр болгон бууруулах юм. Шөнийн клубүүд, баарууд хаагдаж, сургуулиуд хичээлээ онлайн горимд шилжүүлжээ.
Эх сурвалж: BBC