Вакцинжуулалтын ачаар коронавирусийн тархалтыг огцом бууруулж чадсан АНУ-д сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд өдөрт бүртгэгддэг халдварын тохиолдол хоёр дахин нэмэгджээ.
Тухайлбал зургаадугаар сарын 23-ны өдөр Америк даяар 11,300 халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж байсан бол өнгөрсөн Даваа гарагт 23,600 болж нэмэгдсэн байна.
Мэйн, Өмнөд Дакота хоёр мужаас бусад бүх мужуудад халдварын тохиолдол сүүлийн хоёр долоо хоногт өсжээ.
Энэ удаагийн өсөлтийг долдугаар сарын 4-ний тусгаар тогтнолын баяраас үүдэлтэй гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Мөн коронавирусийн илүү хурдтай халдварладаг Дельта хувилбарын тархалт нэмэгдсэн нь нөлөөлсөн гэж дүгнэжээ.
Өөр нэг шалтгаан нь вакцинжуулалтад хамрагдахаас татгалзаж буй хүн амын хэсэг халдвар тархалтад гол нөлөө үзүүлж байна гэж дүгнэсэн байна.
Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд хамгийн олон халдварын тохиолдол бүртгэгдсэн таван муж нь вакцинжуулалтын хувиар ч АНУ-д сүүл мушгиж байгаа юм.
Тухайлбал Миссури мужид вакцинжуулалтын хувь 45.9, Арканзаст 43, Невадад 50.9, Луйзианад 39.2, Ютад 49.5 хувь байна.
Харьцуулбал АНУ-ын вакцинжуулалтын үндэсний дундаж 55.6 хувь байгаа юм.
Хэдийгээр халдварын тохиолдол дахин өссөн ч энэ оны нэгдүгээр сард өдөрт 300,000 орчим халдварын тохиолдол бүртгэгдэж байсан үетэй харьцуулахад үлэмж бага хэмжээтэй байна.
Вакцинжуулалтын хувь өндөр байгаа улс орнуудад коронавирусийн халдвар дахин өсөх хандлага ажиглагдаж байгаа. Зарим мэргэжилтнүүд Их Британид өвчлөл дахин нэмэгдэж эхэлснийг АНУ-ын ирээдүй гэж үзэн бэлтгэлтэй байхыг анхааруулж байна.
АНУ-ын хүн амын залуу хэсэг вакцинжуулалтад хамрагдахаас зайлсхийж буй нь энэ удаагийн дэгдэлтийн нэг гол шалтгаан болж байгаа. Тиймээс Цагаан ордон залуу үеийнхнийг вакцинжуулалтад хамруулахын тулд урлагийн оддын нөлөөг ашиглах боломжийг судалж эхэлжээ.
Тухайлбал АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, халдварт өвчин судлалын тэргүүлэх мэргэжилтэн, доктор Энтони Фаучи нар өнөөдөр 18 настай жүжигчин, дуучин Оливиа Родригог хүлээж авч уулзахаар болсон байна.
Эх сурвалж: Associated Press