Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар “Ковид 19”-ийн халдвар авч гэртээ эмчлэгдэж байгаа нэг иргэнд 160 мянган төгрөгийн эмчилгээний багц өгөхөөр шийдвэрлэжээ. Энэхүү санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж байгаа бөгөөд ковидын халдвар авсан нэг иргэнд үзүүлэх эмнэлгийн тусламжийг 160 мянган төгрөгөөр тооцож Өрхийн эрүүл мэндийн газарт санхүүжилтийг хуваарилж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, коронавирусийн халдвар авч гэрээр эмчилж байгаа нэг иргэнд эрүүл мэндийн тусламж үзүүлэх зардлыг 160 мянган төгрөг байхаар тооцож, ЭМД-аас санхүүжилт олгож байгаа гэсэн үг. Өрхийн эмнэлэгт хуваарилж буй нэг иргэнд үзүүлэх эмнэлгийн тусламжийн 160 мянга төгрөгийн багцад юу багтаж байгаа талаарх мэдээллийг эхэнд хүргэе.
160 мянган төгрөгийн багцын задаргаа
-Хоёр удаагийн үзлэг оношилгоо, зөвлөгөө /10 мянган төгрөг/
-Хоёр ширхэг хамгаалах хэрэгсэл /20 мянган төгрөг/
-Өдөрт хоёр удаа буюу нийт 20 удаагийн утсаар эсвэл цахимаар хийх хяналт /20 мянган төгрөг/
-Витамин С 1000 мг-тай 20 ширхэг /36660 төгрөг/
-Витамин Д 4000 мг-тай 10 ширхэг /5 мянган төгрөг/
-Есөн ширхэг өвчин намдаах, халуун бууруулах эм /4050 төгрөг/
-Норов 7, Мана 4 багц /31983 төгрөг/
-Цалин хөлс, урамшуулал /32307 төгрөг/
Дээрх задалгааг харвал, санхүүжилтийн дийлэнх нь иргэндээ биш өрхийн эмнэлэгт үлдэж байна. Дээрх тооцооллоос иргэнд шууд очих зүйлсийг тооцож үзвэл 77693 төгрөгт багтаж байгаа юм. Иргэдэд энэхүү багц яаж хүрч байгаа талаар бид тандалт хийхэд дараах зургуудыг хуваалцсан юм.
Иргэдийн дунд нь тарифдаа хүрээгүй, “арай ч дээ” гэмээр багцууд байсан ч боломжийн багцтай өрхийн эмнэлгүүд ч байв. Жишээлбэл, зарим өрхийн эмнэлэг “Ковид 19”-ийн эсрэг хамгийн сайн гэгддэг Арбивир, Арбидол, Лянхуа зэрэг эмүүдийг багцдаа багтааж, гэрээр эмчлэгдэж байгаа иргэдэд хүргэсэн байна. Гэтэл зарим хороо Витамин Д, С-ээсээ хэтрээгүй байна. Үүнээс гадна өрхийн эмнэлгээсээ эмчилгээний багц авч чадаагүй өөрсдөө эмээ авсан иргэд олон байгаа юм. Харин зарим өрхийн эмнэлэг санхүүжилт дууссан нэрийдлээр эмчилгээний багц өгөхгүй, иргэд өөрсдөө нэхэж, “хэл ам” болж байж авлаа гэж бичсэн байна.
Мөн өрхийн эмнэлгүүд эмчилгээний багц авсан иргэд рүү өдөрт хоёр удаа утсаар эсвэл цахимаар залгаж хяналт хийхэд нэг багц тус бүрд 20 мянган төгрөгийн санхүүлжилттэй байна. Гэтэл иргэд рүү огт залгахгүй, иргэд өөрсдөө залгасан ч утсаа огт авдаггүй, тоохгүй орхидгийг хэлж байна.
Дэлхийн нийтэд “Ковид 19”-ийн халдвар бүртгэгдээд хоёр жил, Монгол Улсад дотоодод халдвар бүртгэгдээд нэг жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд ЭМЯ, УОК, ХӨСҮТ бүх нийтийн болон эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлыг ханган ажиллахад чиглэж байна. Гэтэл одоо хүртэл гаргасан шийдвэрүүд нь авцалдаагүй, дээд шатандаа шийдвэр гарсан ч доод шатандаа учраа олохгүй байгаагийн нэг жишээ нь эмчилгээний багц юм.
Эрүүл мэндийн сайд өрхийн эмнэлэгт түргэвчилсэн шинжилгээ үнэ төлбөргүй өгөх боломжтой гэж хэлсэн. Гэтэл өрхийн эмнэлгүүд түргэвчилсэн шинжилгээг үнэ төлбөргүй авахгүй байгаа, заавал түргэвчилсэн оношлуураа авчрахыг шаардаж байгааг иргэд хэлж байсан юм. Өрхийн эмнэлгүүд эмчилгээний багцаа өгөхгүй, өгсөн хэд нь харилцан адилгүй байх аж. Энэ мэтчилэн гаргасан шийдвэр доод шатандаа бүрэн биелэхгүй байгаа нь иргэдийг төөрөгдүүлж, бухимдуулж байна. Тиймээс энэ бүгдэд нэг стандарт, зөв зохион байгуулалт хэрэгтэй байна.