Хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэгч, фермерүүдийг төлөөлөн \”Сүү” хувьцаат компаниас хивэгний гадаад экспортод хяналт тавих санаачлагыг гаргасан.
Учир нь хивэгний экспорт жилээс жилд үнэ өсөх гол хүчин зүйл болдог байна. Тиймээс энэхүү асуудалд анхаарал хандуулахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад уламжилсан юм. Тус хүсэлтийн дагуу ХХААЯ-аас хивэгний экспортыг энэ сарын 1-ний өдрөөс ирэх гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хязгаарлах шийдвэр гаргасан.
Хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэгч, фермер, малчдыг эдийн засгийн томоохон дарамтнаас чөлөөлсөн шийдвэр болсон гэдгийг үйлдвэрлэгчид хэлж байгаа юм. Учир нь үйлдвэрлэгчид намраас, хавар хүртэл дунджаар арван тонн малын тэжээл хэрэглэдэг. Ингэхдээ нэг тонн хэвгийг 490 мянган төгрөгөөр авдаг байна. Харин тус экспортын хязгаарлалтыг хийснээр зах зээлд үүсээд байсан үнийн хөөрөгдөл 20 хувиар багассан бодит үр дүн гарчээ. Тодруулбал, нэг тонн нь 490 мянган төгрөгөөр борлуулагдаж байсан хивэг 400 мянган төгрөгөөр борлуулагдаж байна. Энэ мэт бодит үр дүнтэй шийдвэр гаргасанд нийт үйлдвэрлэгч, малчдыг төлөөлөн \”Сүү” хувьцаат компаниас Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад талархал илэрхийллээ.