\”Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.” гэж Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заажээ.
Энэ нь иргэний сонгох, сонгогдох эрх болон Үндсэн хуульд заасан тэгш эрхийн зарчмыг алдагдуулсан гэж нэр бүхий иргэн үзэж Үндсэн хуулийн цэцэд өргөдөл ирүүлсэн билээ.
Уг өргөдлийн дагуу үүссэн маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцээд, дээрх хуулийн заалтын \”…бусад төрийн албан хаагч…” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн \”Хүнийг … эрхэлсэн ажил, албан тушаал …-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэснийг зөрчсөн байна” гэсэн дүгнэлт гаргалаа.
Эх сурвалж: Үндсэн хуулийн цэц