Монгол Улсын Засгийн газар, УОК-иос гарсан шийдвэрийн дагуу цар тахлын дараагийн давлагааны хариу арга хэмжээний бэлтгэл ажлыг эрчимжүүлж байна.
2022 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Баянзүрх дүүргийн тандалтын баг, 26, 27-р хорооны өрхийн эмнэлэг, дархлаажуулалтын цэгүүдээр очиж, үйл ажиллагаатай танилцав.
Мөн Чингэлтэй дүүргийн иргэдэд үйлчилдэг зарим эмийн сангийн үйл ажиллагаатай танилцаж, дэмжлэг удирдлагаар хангалаа. Энэ удаагийн давлагаа нь томуутай хавсарч байгаа тул эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Тиймээс иргэд амны хаалтаа тогтмол зүүх, агааржуулалт муу, олон хүн цугласан газраар аль болох явахгүй байх зэргээр дэглэм сахихыг зөвлөлөө. Мөн сайд С.Энхболд иргэдээ нэмэлт тундаа идэвхтэй хамрагдахыг уриалав.
Дэлхийн 140 гаруй улсад тархаад буй омикрон хувилбар манай улсад бүртгэгдсэнийг өнгөрсөн баасан гарагт ЭМЯ-наас мэдээллээ. Манай улсад шинэ оны өмнөхөн өдөрт дунджаар ковид-19-ийн 200 тохиолдол илэрч байсан бол одоо халдварын тархалт тав дахин нэмэгдэж 1000-д хүрлээ. Иргэд сар шинийн бэлтгэл хийж гадуур олноороо явах, баяраар олуулаа цуглах зэрэг эрсдэл халдварын тархалтыг улам нэмэгдүүлж, эрүүл мэндийн салбарт хүнд ачаа бууж болзошгүй боллоо. Хэрэв тархалт ийм байдлаар эрчимжвэл эрүүл мэндийн салбар ачааллаа дийлэхгүйд хүрнэ.
Тиймээс иргэд дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж, халдвар хамгааллын дэглэмээ ягштал барихыг ЭМЯ-наас анхааруулсаар байгаа билээ.