Өнгөрсөн шөнө долоон аймгийн 20 суманд -33°C хэмээс бага температуртай хүйтэн хоносныг ЦУОШГ-аас мэдээллээ.
Завхан аймгийн Цэцэн-Уул суманд -43°C, Увс аймгийн Тэс суманд -40°C хэм хүрч хүйтэрсэн нь хамгийн хүйтнээр бүртгэгджээ.
Манай орны хамгийн бага температур 1966 оны арванхоёрдугаар сарын 26-нд Увс аймгийн Зүүнговь суманд бүртгэгдсэн бөгөөд -55.6°C хэм хүрч хүйтэрч байжээ.
Дэлхийн хамгийн бага агаарын температур 1983 оны долдугаар сарын 21-ний өдөр Антарктид тивд байрлах тухайн үеийн Зөвлөлт холбоот улсын Восток станцад -89.2°C (-128.6°F) градус хүрсэн гэж бүртгэгдсэн байдаг байна. Тухайн өдөр нь нарны цацраг байхгүй, цэлмэг тэнгэр, агаар удаан хугацаанд тогтуун мөн станцын өндөр зэргээс хамаарч эрс хүйтэрсэн гэж эрдэмтэд дүгнэсэн байдаг байна.
Энэ тохиолдлыг Дэлхийн цаг уурын байгууллагаас 2011 онд албан ёсоор хамгийн бага температураар бүртгэн авчээ.
Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
Маргааш буюу нэгдүгээр сарын 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.
Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 25-30 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.