Гадаад харилцааны яамнаас Украин улсаас иргэдээ татаж авах асуудлаар мэдээлэл хийж байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Энэ жилийн хувьд Украинд нийт 68 оюутан сурч байгаа. 22 иргэн байнгын аж төрж амьдардаг ба ихэнх нь Украин улсын иргэнтэй гэр бүл болсон, олон улсын байгууллагад ажилладаг хүмүүс. Тэдгээр иргэн ирэх сонирхлоо илэрхийлээгүй.
68 оюутантай нэг сарын өмнөөс Гадаад харилцааны яамнаас холбогдож ажиллаж байгаа. Украин улсад Элчин сайдын яам байхгүй. Өргөмжит консул ажилладаг.
Сарын хугацаанд бид бусад улсын адилаар нөхцөл байдал хүндэрч магадгүй гээд оюутнуудаа эх орондоо ирэх зөвлөмж өгсөн.
Мөн нөхцөл байдал хүндэрвэл ямар арга хэмжээ авах талаарх зөвлөмж өгсөн. Өнөөдрийн байдлаар сарын хугацаанд 41 оюутан эх орондоо буцаж ирсэн. 27 оюутан Украинд байна.
Өчигдөр холбоо бариад ГХЯ цахимаар уулзалт хийсэн. Оюутнууд маань янз бүрийн шалтгаанаар эх орондоо эргэж ирэх шийдвэр гаргаж чадахгүй өнөөдрийг хүрчихлээ. Шалтгаан нь төгсөх курсийн оюутнууд, мөн хэлний бэлтгэлд сууж байгаа оюутнууд байгаа юм.
Оюутнууд эхнээсээ эх орондоо ирэх хүсэлтээ гаргаж эхэлсэн. ГХЯ сарын өмнөөс эрсдэлийн төлөвлөгөө гарган ажиллаж байгаа.
Одоо олон улсын нислэгүүд цуцлагдсан байдалтай байна. Бид эхний ээлжид хоёрдугаар сарын 26,27-ны нислэгт 21 суудал захиалчихсан байгаа. Оюутнуудаа зардлыг нь төлөөд авч ирье гээд зардал мөнгөний асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар орууллаа.
Мөн зургаан оюутныг дараагийн ойрын нислэгт захиалсан. Нисэж болохгүй тохиолдол газраар буюу Польшоор дамжуулж авах арга хэмжээг авна” гэв.