Монгол Улс, Бүгд Найрамдах Индонези Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын хамтарсан Ажлын хэсгийн анхдугаар уулзалт 9 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Индоези Улсад амжилттай зохион байгуулагдлаа.
Уулзалтанд ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибал, БНИУ-ын Хөдөө аж ахуйн сайдын Инноваци, технологи хариуцсан зөвлөх Мат Сьюкур тэргүүтэй төлөөлөгчид болон тус улсын Гадаад хэргийн яамны төлөөлөл оролцлоо.
Энэ үеэр Монгол, БНИУ-ын хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдлын талаар талууд илтгэл тавьж, салбарын бодлогын талаарх мэдээллүүдийг солилцож, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Хурлын үр дүнд мал эмнэлэг, хорио цээрийн байгууллага хооронд хамтын ажиллагааны механизм бий болгож, хамтын ажиллагааг хөгжүүлэх улмаар хоёр орны хооронд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх, Монгол улсаас мах, махан бүтээгдэхүүн, Индонези Улсаас цай, кофе, какао зэрэг бүтээгдэхүүнийг харилцан экспортлох, импортлох нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Ингэхдээ хоёр орны хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэдний үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2016 онд Монгол Улсад Хөдөө аж ахуйн хамтарсан Бизнес форумыг зохион байгуулахаар тохиролцов. Мөн Индонез улсаас Монголын хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн, албан хаагчдад зориулан мал эмнэлэг, хорио цээр, хүнсний аюулгүй байдал, хүнсний боловсруулалт, Халалстандарт болон бусад сонирхсон сэдвээр богино, дунд хугацааны сургалтуудыг зохион байгуулахаар болов.