Сангийн яам болон Татварын ерөнхий газраас НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг аравдугаар сараас сэргээхээр ажиллаж байгаа аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас сугалааны урамшууллыг түр зогсоосон бөгөөд цаашдаа илүү боловсронгуй, ил тод байдлыг ханган сэргээх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна. НӨАТ-ын сугалааны урамшууллыг зогсоосноор и-баримт олгох, баримтаа нэхэж авах хандлага эрс буурч, цаашлаад НӨАТ-ын орлого бүрдэлт буурч байгааг Татварын ерөнхий газрын дарга мэдээлсэн.
Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал: Сугалааг зогсоосон дөрвөн сар орчмын хугацаанд бизнес эрхлэгчдийн эцсийн хэрэглэгчдэд өгөх баримтын тоо 20 хувиар буурсан байна. Үүнийг дагаж сар бүрийн НӨАТ-ын орлого буурч байна. Хоёрт, иргэдийн и-баримт авах сэдэл буурсан. Энэ том зургаараа НӨАТ-ын бүрдүүлэлтэд сөргөөр нөлөөлж байгаа учраас бодлогын хувьд сугалааны тохиролд сүүлийн үеийн өөрчлөлтүүдийг оруулж, цаашид хэвийн явуулах нь зүйтэй гэж үзсэн.
Татварын алба сард 130 тэрбум төгрөгийг НӨАТ-аас бүрдүүлдэг. НӨАТ-ын төлөвлөсөн орлого сар бүр 99 хувийн гүйцэтгэлтэй төвлөрдөг байсан бол сүүлийн гурван сар энэ орлого бага багаар буурч, биелэлт 95 хувь руу орсон байна.Тиймээс яаралтай сугалааг явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. НӨАТ-ын сугалаа нь нэг талдаа иргэдийг баримтаа бүртгүүлж байгааг урамшуулах арга хэрэгсэл ч нөгөө талдаа татварын орлогыг үнэн зөв бүрдүүлэхэд чухал нөлөөтэй юм. Иймд НӨАТ-ын сугалааны үүрэг оролцоог улам нэмэгдүүлэхийн тулд нээлттэй, ил тод болгох олон шинэчлэлийг хийж байна.