Ой хээрийн түймрийн улмаас экологийн тэнцвэр алдагдах, ойн санд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд ААН-үүдийг бугын эвэр түүж бэлтгэхийг нэг жилийн хугацаагаар хоригложээ.
Тодруулбал, хуурайшилтын зэрэг өндөр байгаатай холбогдуулан ой хээрийн түймрээс сэргийлэх зорилгоор БОАЖ-ын сайдын Бугын эвэр түүж бэлтгэхийг хориглох тухай А/70 дугаартай тушаал 2023 оны гуравдугаар сарын 17-нд гарсан байна.
Ойн газар, тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газар болон бүх шатны Засаг дарга нар уг шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавина.
Гал түймэр гарах гол нөхцөл нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй бөгөөд дархан цаазат газарт самар, халиун бугын ясан эвэр түүх зорилгоор очсон иргэд асаасан галаа бүрэн унтраахгүй явснаас үүдсэн түймэр ихээр гардаг байна.
Өнгөрсөн онд мөн бугын эвэр түүж бэлтгэхийг хориглоод байсан юм.