Нийслэлийн Баянгол дүүрэгт 4-н иргэн шингэн зүйлд хордож нас барсантай холбоотойгоор НИТХурлын Тэргүүлэгчидийн 2017 оны 01 дүгээр сарын 17 ны өдрийн 19 тоот \”Хүнсний аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийг шалгах ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун болон албаны хүмүүс Баянзүрх, дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Саатуулах байрны үйл ажиллагаа, гуравдугаар хэлтсийн зөрчил илрүүлэлт, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгжийн үйл ажиллагаатай танилцлаа.
Хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагын 543 алба хаагч, 140 олон нийтийн цагдаагийн ажилтан, 92 тээврийн хэрэгсэлтэйгээр Мэргэжлийн хяналтын 157 улсын байцаагчтай хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг 3087 аж ахуйн нэгж, 1471 иргэнийг шалгаж, 675 аж ахуйн нэгжид албан мэдэгдэл өгч, 760 шил архи, 195 шил шар айргийг хураан авч, гар дээрээс согтуурах ундаа худалдан борлуулж байсан 8 иргэн, 1 зочид буудал, 23 аж ахуйн нэгжийн 32 зөрчлийг илрүүлэн, шалгаж байна.
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нийт 57 хүн саатуулагдсан байна.