Энэ сарын 20-нд Монгол бөхийн өргөөнд нэгэн сүр дуулиантай тоглолт тун ч амжилттай болж өндөрлөсөн. Говь нутгаас гаралтай Х.Мөнгөнцэцэг гэх залуу дуучин бүсгүйг \”Нийтийн дууны гүнж” гэсэн нэрийдлээр нь уншигчид маань аль хэдийнэ таних болсон биз ээ. Тэр ч ард түмний өгсөн энэ нэрний утга учрыг даацтайхан шиг батлан харууллаа. Түүний анхны бие даасан \”Уулзахын хүслэн” тоглолт нь нийтийн дууны гэх хэвшмэл ойлголтыг халж, маш их хүлээлтийг үүсгэсний баталгаа бол тоглолтынх нь тасалбар гэрлийн хурдаар буюу тоглолт болохоос гурван өдрийн өмнө борлуулагдаж дууссан явдал юм.
СУИС-н багш МУГЖ, дэд профессор М.Найдалмаа багшийнхаа хамтаар хоолой хослон тайзнаа дуулсан түүнийг шинжихээр нийтийн, дуурийн, ардын дуучид ирж тоглолтыг нь үзэн саатжээ. Х.Мөнгөнцэцэгийн хувьд мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн сайн уран бүтээлч гэдгээ батлахын сацуу түүний илүү дутуу маяггүй Монголжуу төрх, даруухан ааль, хоолойны цар хүрээ нь Монгол орны 21 аймагт хүрэх гэж байгааг дуулгаж байна.
Эх орноо нар зөв тойрсон аялан тоглолт нь энэ сарын 23-наас эхлэн хоёрдугаар сарын 17 хүртэл үргэлжлэх учраас энэ бол түүнийг сонсож, дуунд нь уярч, хамтдаа дуулах ховорхон боломж. Дашрамд дурдахад чадварлаг, уран бүтээлч хамт олонтой \”B Sound” продакшн энэ тоглолтыг зохион байгуулсан. Мөн үзэгчдийн хүсэлтээр аялан тоглолт дууссаны дараа дахин тоглолт хийх тов дуулгах баярт мэдээг бид онцлон хүргэж байна. Нийтийн дууны урлаг халаа сэлгээгээ хийж нэгэн төрмөл авьяастай бүсгүй \”Гавьяатын энэтэй дуучин” гэдгээ батлан харууллаа.
PAPARATSI.MN