МАН сайндаа биш АН муу байсан учраас л иргэд сонголтоо хийсэн. Гэтэл өөрийн сайндаа сонгогдчихсон юм шиг таахалзаж байгаа Засаг дарга нарыг харахаар дур гутах юм. АН-ыг эрх барьж байх хугацаанд хамгийн сайн боловсон хүчинтэй, бэлтгэгдсэн хүмүүс манайд л байна гэж МАН-ынхан сурталчилдаг байлаа. Гэвч яг өөрсдөө эрх бариад улс орон нутгаа удирдаад эхэлтэл өнөөх мундагчууд нь ховордож, мэдлэг боловсрол, мэдээ мэдээлэл дутмаг хүмүүс улс, орон нутгийг удирдаад эхэллээ.
Ийм хүмүүс төрд гарахаар хамгийн түрүүнд өөрийгөө болон гэр бүлээ л өөд нь татахыг бодох юм. Уг нь МАН олон жил төр барьсан. Энэ ч утгаараа хөрөнгөтөн олонтоо нам гэж ойлгосон. Гэтэл орон нутгийн удирдлагууд \”юм үзээгүй хүн шиг\” төсөвт хөрөнгө рүү дайрч байна. Жишээ нь Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал гэгч төсвийн хөрөнгөөр өөртөө орон сууц худалдан авсна байх юм. Тэгээд ч болоогүй ИТХ-ын төлөөлөгчдөд мөнгөн урамшуулал харамгүй өгчээ.
1. Засаг дарга Г.Батжаргал 52 сая төгрөгийн орон сууц
2. Цагдаагийн дарга 52 сая төгрөгийн орон сууц
3. Аймгийн ерөнхий шүүгч 52 сая төгрөгийн орон сууц
4. ЗДТГ-ын хэрэгцээнд 17 сая төгрөгийн шинэ автомашин
5. ИТХ-ын төлөөлөгчдийн хурлын зардалд 10 сая төгрөг
6. ИТХ-ын 10 тэргүүлэгчдэд 9.9 сая төгрөгийн Notebook /зөөврийн компьютер/ хуваарилжээ.
Хаана ямар улс хямраад байгааг эд лав ойлгоогүй бололтой юм шиг. Тиймээс л мэдээ, мэдээлэл дутмаг гээд хэлчихсэн хэрэг. Аймаг, сумын Засаг даргад томилогдож байгаа энэ эрхмүүд өдийг хүртэл орон сууцгүй явсан гэвэл худлаа. Ирэх дөрвөн жилд орон гэргүй хэцүүднэ гэвэл бүр ч худлаа. Харин эрх мэдэл албан тушаалд очсон энэ үеэ ашиглаад өөрийн бор ходоодыг цатгаж байгаа нь энэ гэж иргэд нь гасалж байна. Ихэнх Засаг дарга нар албан тушаалаасаа буухын өмнө хангамжаа эдэлдэг бол Баянхонгор аймгийн Засаг дарга томилогдоод жил ч болоогүй орон сууцны хангамж хүртчихлээ. Бодвол Ц.Нямдорж шиг түрээсийн байранд суугаад хэцүү л байсан юм байлгүй дээ.
Үндэстэн агентлаг