Монголчуудын уламжлалт баяр \”Цагаан сар”-ын баяр болоход сар гаруйхны хугацаа үлдээд байна. Иргэд баяртаа бэлдэх үеэр болон баярын өдрүүдэд гэмт хэргийн гаралт нэмэгддэг. Тиймээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шуурхай илрүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас \”Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг орон даяар эхлүүллээ.
Энэ арга хэмжээний хүрээнд нийслэлд ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас 270 цагдаагийн алба хаагч нэмэгдлээр гаран ажиллаж байна. Түүнчлэн сар шинэ болох гэж байгаатай холбогдуулан хөдөө орон нутагт хуурамч бараа бүтээгдэхүүн зарах, худалдах, бөөний үнээр иргэдэд шахаж, борлуулах явдал нэмэгддэг. Тухайлбал, сүүлийн үед Ховд аймагт Оросоос хуурамч, стандартын шаардлага хангаагүй архийг нууцаар оруулж ирж болзошгүй байгаа тул ард иргэд хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй, хямд үнэтэй, гар дээрээс согтууруулах ундааны зүйл худалдан авахгүй байхыг Ховд аймгийн Цагдаагийн газраас онцгойлон анхааруулж байна. Мөн аймгийн хэмжээнд зохион явагдаж буй \”Хяналт-шалгалт\” арга хэмжээний хүрээнд Жаргалант суманд согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүдэд үзлэг шалгалт хийж, таван аж ахуйн нэгжээс хугацаа дууссан 108 шил пиво хураан авч холбогдох газарт шилжүүлэн ажиллажээ.