Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотын захиргаа хотынх нь агаарын чанар дээд цэгтээ хүрч муудсаны улмаас агаар бохирдуулагч тээврийн хэрэгслүүдийг хориглож, бага сургуулиудыг хаагаад байна. Хотын агаарт тогтсон тоосонцрын үүлийг сарниулахын тулд хотын эрх баригчид ус шүршигч машинууд болон мананцрын эсрэг буу зэргийг ашиглаж байгаа, иргэдийн олонх нь хамгаалалт болгож амны хаалт хэрэглэж байгаа юм байна.
Дели хот орчмын агаарын чанар сүүлийн өдрүүдэд гамшигийн хэмжээнд хүрч, үзэгдэх орчин эрс хязгаарлагджээ. Дэлхийн агаарын бохирдол ихтэй хотуудыг бодит цагийн горимд үнэлдэг Швейцарийн “Ай-Кью Эйр” группийн жагсаалтад өчигдөр Шинэ Дели хот агаарын чанарын индексийн “онц аюултай” буюу 640 гэсэн үзүүлэлтээр дахин “тэргүүлжээ”. Бохирдолд хяналт тавих Улсын төв зөвлөлийн мэдээгээр, агаар дахь нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээ 400PМ-ээс давсан нь дэлхий даяар мөрддөг аюулгүйн хэмжээнээс даруй 10 дахин хэтэрсэн үзүүлэлтэд хүрсэн гэсэн үг юм байна.
Үүний улмаас уушгины цочмог болон архаг бронхит багтраа өвчин үүсэх эрсдэлтэй байна. Ойрын 2-3 долоо хоногийн туршид байдал улам муудах төлөвтэй байгаагаас бага сургуулиудыг хаасны зэрэгцээ нэн шаардлагатайгаас бусад бүх барилгын ажлыг зогсоосон байна. Мөн 10-15 хүртэл жил унаж ашиглаж байгаа бензин, дизель хөдөлгүүрт автомашин, автобус, ачааны машинаар хөдөлгөөнд оролцсон жолооч нарт 20 мянган рупий буюу 250 америк долларын торгууль ногдуулах шийдвэрийг хотын захиргаанаас нэвтрүүлжээ.
Түүнээс гадна энэ сарын 12-ны өдөр хинду шашны Дивали гэрлийн баярын үеэр салют буудуулах зэргээр байдлыг улам муутгахгүй байхыг эрх баригчдын зүгээс иргэдэд анхааруулж байна. 28 сая хүн амтай Нью-Дели болон нягтшил ихтэй бусад хотод жил бүр намар өвлийн зааг үед агаарын чанар ийнхүү мууддаг нь тариаланчид өдийд үр тарианы үлдэгдлээ шатаадаг, дээрээс нь гэрлийн баяр давхцах, салхигүй тогтуун байх зэрэг олон нөхцөл шалтгаан нөлөөлдөг байна. Эрх баригчид тариачдад үр тарианы үлдэгдлээ цэвэрлэх машин худалдаж авахад нь мөнгөн дэмжлэг олгох зэргээр уламжлалт арга барилаас нь салгах арга хэмжээ авч байгаа юм байна. Пенжаб мужид гэхэд өнжмөл үр тариагаа шатаах үзэгдэл 30 хувиар буурчээ. Энэтхэгийн цаг уур судлалын хүрээлэнгийн мэдээгээр, үр тарианы үлдэгдэл шатааснаас үүдсэн утаа тортог Шинэ Дели хотын агаарын бохирдлын 25 орчим хувийг эзэлдэг байна.