“Талх чихэр” ХК-иас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “2024 оны зургаадугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын зүүн бүсийг талх, нарийн боовоор хангаж ирсэн БЗД-ийн 20 дугаар хороонд байрлах “Талх Чихэр” ХК-ийн агуулах шатсан харамсалтай үйл явдал болж зүүн бүсийн хэрэглэгчдэдээ шинэхэн талхаа өнөөдөр хүргэх боломжгүй болсонд хүлцэл өчье. Бид маргаашнаас өдөр тутмын үйл ажиллагаагаа яаралтай жигдрүүлж, тогтвортой ажиллах тал дээр онцгой анхааран, бүтээгдэхүүнээ тасалдуулахгүй хүргэх болно гэдгээ мэдэгдэж байна.
Өглөө 05:38 цагт ирсэн дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар анги гурван минутын хугацаанд амжин ирж, нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 63 дугаар анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, галын тархалтыг 06:30 зогсоож, 07:30 цагт бүрэн унтраалаа.
Гал түймэр унтраах ажиллагааг ОБЕГ-ын ГТТГ-ын Гал унтраах хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд, НОБГ-ын ГТТХ-ийн дарга, хурандаа Ж.Алтанхуяг, ахлах мэргэжилтэн, хошууч Э.Энхбаяр, мэргэжилтэн, ахмад Б.Амгаланзаяа, МШУТ-ийн ахлах зохицуулагч, ахмад М.Баярбаатар нар мэргэжил арга зүйгээр хангаж ажиллалаа. Энэ цагийн эгэл баатрууд болсон та бүхний ачаар хүний амь нас, эрүүл мэндийн хохиролгүй гэнэтийн гамшигт үйл явдлыг зогсоож чадлаа. Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэжээ.