Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатарыг үүрэгт ажлаас чөлөөлж, Б.Батсайханыг Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо. Б.Батсайхан нь БНМАУ-ын АИХ-ын депутат байхдаа Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан хүний нэг юм.
Тэрээр 1962 онд төрсөн. 1980 онд нийслэлийн Ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургууль, 1984 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн анги, 1999-2001 онд БНСУ-ын Хуурай замын цэргийн командлагчийн академийг тус, тус төгссөн Цэрэг-улс төр, стратеги тактикийн мэргэжилтэй юм.
Ажилласан жилийн тухайд, 1984-1987 онд Ардын армийн 126 дугаар нэгтгэлийн 137 дугаар салбарын удс төрийн орлогч, Танкийн батальоны улс төрийн орлогч, 1987 онд Ардын армийн 200 дугаар ангид улс төрийн орлогч, 1991 онд БХЯ-нд Офицер, ахлагчийн хурлын дарга, 1996-2001 онд Батлан хамгаалах яамны Хэвлэл мэдээлэл, соёл, сурталчилгааны албаны дарга, хэлтсийн дарга, Батлан хамгаалахын сайдын ажлын албаны дарга, Батлан хамгаалахын сайдын ахлах туслахаар ажиллаж байсан. 2004 оноос УИХ-ын гишүүний зөвлөх, 2012 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын зөвлөх, 2014 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын Аюулгүй байдал, батлан хамгаалах асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай. Зэвсэгт хүчинд 20 гаруй жил ажилласан, Хурандаа цолтой. Англи, солонгос хэлтэй.