Энэ онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 87 авто замыг шинэчилж байгаагаас 27 байршилд зам засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж дууссан байна. Шинэчлэгдсэн замууд Сангийн мөнгөөр хийгджээ.
Энэ тухай “Хотын хэмжээнд 87 байршилд хэрэгжиж буй авто замын шинэчлэлийн санхүүгийн эх үүсвэрийг үзвэл улсын төсвийн хөрөнгөөр тав, Нийслэлийн Замын Сангийн хөрөнгөөр 17, нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр 65 төсөл хэрэгжиж байна.
Их тойруугийн гол замуудад шинэчлэл хийгдэж байна.
Нийслэлийн Замын Сангийн хөрөнгөөр хэрэгжсэн 17 замын засвараас 15 нь дуусжээ. 15 дахь буюу Баянбүрдийн тойргоос Дөлгөөн нуурын уулзвар хүртэлх замын шинэчлэл дуусаж, хөдөлгөөнийг өчигдөр нээсэн.
Одоо уг сангийн хөрөнгөөр Хувьсгалчдын гудамж буюу Зурагтаас Баянхошуу хүртэл, Хайлаастын 129 дүгээр сургуулиас Галдан Бошигтын гудамж хүртэлх хоёр замын засвар хийгдэж байгаа.
Үнэт цаасны хөрөнгөөр 29 төслийг хэрэгжүүлэхээр Замын хөгжлийн газраас зохион байгуулсан. Энхтайвны өргөн чөлөөний замыг шинэчлэхээр тендерийн материалыг дахин бэлдэж байна. Дөрвөн байршлын замын шинэчлэлийн ажлыг Улаанбаатар зам засвар арчлалтын газарт шилжүүлсэн. Бусад нь гэрээ байгуулах шатанд үргэлжилж байна.
Зам тээврийн яамнаас зарласан барилгын норм ба дүрэмд хотын авто замыг хаяад орон нутгийн чанартай чиглэлээр бүх тооцооллыг хийсэн учраас уулзвар нь хэдэн эгнээ замтай байх зэрэг эрчмээс шалтгаалсан тооцоолол байхгүй. Замын уулзварыг хэт өргөн төлөвлөснөөс үл ойлголцлын цэг буюу түгжрэл үүсээд байгаа юм. Уулзварыг дахин төлөвлөж байна.
Хот суурин газрын гудамж, зам, төлөвлөлт 2022 онд Зам, тээврийн яамны Шинжлэх ухаан, техникийн зөвлөлөөр батлагдсан ч Барилгын яамны сайд дээр батлаагүй үлдсэн. Энэхүү төлөвлөлтийг батлуулбал авто замын шинэчлэл, уулзварын тооцоолол шинэ норм дүрмээр хийгдэнэ” гэж Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын дарга Б.Одбаяр танилцууллаа.
Нийслэлийн зарим замыг цаг хугацаанд баригдаж, хурдан хучсан тул татвар төлөгчдийн мөнгөөр хийсэн ажлын чанарыг шалгахаар болжээ.