Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн хүрээнд хүний нөөц бэлтгэх зорилгоор НЗДТГ, ШУТИС, “Духуа инженеринг” ХК хооронд гурван талт санамж бичгийг байгуулсан.
Метроны ашиглалт, үйлчилгээг хариуцах, цаашлаад энэ төрлийн бүтээн байгуулалтад 600 гаруй инженер, техникийн ажилтан шаардлагатай.
Иймээс ШУТИС-д хоёр жил, БНСУ-д хоёр жил суралцуулах 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ.
Метроны инженер, мэргэжилтэн бэлтгэх санамж бичгийн хүрээнд талууд эхний уулзалтаа хийлээ. Уулзалтад Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал У.Баатар, “Халла” их сургуулийн захирал Ким Юн Вон, профессор Мин Жүн Ги тэргүүтэй холбогдох албаныхан оролцов.
Энэ үеэр “Халла” их сургуулийн захирал Ким Юн Вон “Халла групп нь БНСУ-д хамгийн анхны хурдны галт тэрэгний замын бүтээн байгуулалтыг хийж байсан.
Олон улсын кейсээс үзэхэд бусад улс орон бүтээн байгуулалтын ажилдаа голчлон анхаардаг. Харин нийслэлийн удирдлага метро ашиглалтад орсны дараа хариуцаж ажиллах хүний нөөцдөө анхаарч байгаад баяртай байна. Метроны мэргэжилтнүүдийг бэлтгэх ажилд өөрийн хүч чадал, боломж бололцоогоо дайчлан ажиллах болно” гэв.