Өнөөдөр, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр дэлхийн ноён оргилын нэг Гималай уулсын хормойд орших Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын \”Бирендра”-гийн энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд \”Шанти праяс-3” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль нээлтээ хийлээ.
Балба Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Номхон далай дахь цэргийн командлал болон Дэлхийн энхийн ажиллагааны санаачлага хөтөлбөртэй хамтран жил бүр зохион явуулдаг энхийг дэмжих ажиллагааны энэхүү сургуульд нийтдээ 28 улсын 800 гаруй цэргийн алба хаагчид оролцож байна.
Сургуулийн нээлтийн арга хэмжээнд Балба Улсын Ерөнхий сайд, ноён Пашпа Камал Дахал, тус улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, генерал Ражиндра Чхетри тэргүүтэй төр засгийн төлөөлөгчид болоод гадаадын зочид оролцов.
Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсад 3 дахь удаагаа зохиогдож буй энэхүү сургууль нь үндсэн 4 хэсгээс бүрдэж байна.
Үүнд:
• Ази-Номхон далайн улс орнуудын энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвүүдийн дарга нарт зориулсан \”Бүс нутгийн сургалтын семинар”.
• Штабын сургалт дадлагад 26 улсын 119 цэргийн алба хаагчид
• Салаадын хээрийн сургуульд Балба, Бангладеш, Киргизстан, Камбожи, Малайз, Монгол, АНУ, Филиппин, Индонези зэрэг 9 улсын 10 салаа буюу 500 гаруй цэргийн алба хаагчид
• НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд нэн шаардлагатай алба хаагчдын ур чадварыг сайжруулах сургалтад Балба улсын 179 цэргийн алба хаагчид тус тус оролцож байна.
Энэ удаагийн сургуульд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс хурандаа Д.Өлзийбаярын ахалсан 8 офицер штабын сургалт дадлагад, харин салаадын хээрийн сургуульд Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн салаа тус тус оролцож байна. Сургуулийн хаалтын ажиллагаа 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр болно.
Дэд хурандаа Р.Энхболд