УИХ-ын дарга
М.Энхболд \”Оффшор данстай хүн Монгол төрийн албанд ажиллахгүй байхаар
хуульчилна. Төрийн алба мэргэшсэн, тогтвортой, бие даасан, хариуцлагатай байх
нөхцөл бололцоог \”Төрийн албаны тухай хууль\”-аар бүрдүүлнэ. Олон жил
дуншсан асуудлыг одоо хийж хэрэгжүүлнэ” гэдгийг мэдэгдсэн өөрийн фейсбүүк хуудаснаа байршуулжээ.
Өөрөөр хэлбэл тун удахгүй оффшорчдод халтай нэгэн хууль мэндлэх нь гэж
ойлгох болох юм. Гэхдээ хууль баталж, хэрэгжүүлнэ гэдэг цаг хугацааны асуудал л
даа. Ямартай ч Монголын төрийн албанд ус агаар мэт хэрэгтэй байгаа нэгэн
хуулийн талаар УИХ-ын дарга албан ёсны мэдэгдэл хийж, олон жил дуншсан гэдгийг
онцолж байгаа нь авууштай.
Хэрвээ энэ хууль гарч, мөрдөгдөөд эхэлбэл өдгөө төрийн томоохон албан
тушаал хашч байгаа хүмүүсийг яах вэ гэдэг асуудал гарч ирэх болов уу. Жишээлбэл,
НИТХ-ын дарга Ц.Сандуйн дүү Ц.Сэргэлэн оффшор данс эзэмшдэг болохыг баримтаар
тогтоосон. Мөн УИХ-ын гишүүн Сү.Батболд, Д.Цогтбаатар нарын оффшортой холбоотой
асуудлууд одоо ч анхаарлын төвд байсаар байна. Түүнээс гадна Монгол Улсаас
Англи улсад суух онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд С.Баяртай холбоотой оффшорын
асуудлууд хэвлэлээ бичигдсээр байгаа билээ.
Тэгэхээр төрийн албаны тухай шинэ хууль хэрэгжээд эхэлбэл эдгээр эрхмүүд
эхний ээлжинд төрийн сэнтийгээс буух шаардлагатай болж байна. Үүнийг УИХ-ын
дарга М.Энхболдын хэлсэн \”Оффшор данстай хүн Монгол төрийн албанд ажиллахгүй” гэсэн өгүүлбэртэй холбож ойлгоод байна л даа. Мөн энэ эрхмүүд цаашид ч
Монголын төрд ажиллах боломжгүй болж байх шиг.
АН-аас С.Баярцогт, Э.Бат-Үүл /хүү нь оффшор данстай/ нар ч төрийн албан
тушаалд томилогдох эрхгүй болж байна.
Эхний ээлжинд оффшорчдод чиглэсэн иймэрхүү хууль тогтоомжоо гаргаад авах нь
зүйтэй. Харин дараа нь Монголоос хөрөнгөө нууж, гадагш гаргасан асуудлыг нь
хэлэлцэх хэрэгтэй болов уу. Зарим тохиолдолд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины
хэрэгжүүлсэн \”оффшорт нуусан хөрөнгөө улсад тушаах, татвар төлөхийг шаардсан
хугацаа өгөх” аргыг ч хэрэгжүүлж болохоор. Гэхдээ л улсаасаа хөрөнгөө харамладаг атлаа, улсыг удирдах хэрэгт оролцож
байгаа хүмүүст хариуцлага тооцох тухай яригдаж эхэлнэ гэдэг зөв юм.
Үндэстэн агентлаг