Ийм мэдээлэл авсан хүмүүс нэг хэсэг уурлаж байсан л даа. Гэхдээ л улс орон минь хүнд хэцүү байгаа бол хоёр жил хүлээсэн ч яах вэ гэж тайвширцгаасан билээ. Тэгтэл эрх баригчид нөгөө 2019 онд өгнө гээд амлаад байснаа ор тас өгөхөөргүй болж байгаа гэнэ. Өөрсдөө л мөрийн хөтөлбөртөө хүүхэд бүрт ялгаваргүйгээр мөнгө өгнө гэсэн болохоос биш бид нээх мөнгө авах гээд улайраад байсан зүйлгүй л дээ. Гэхдээ сонгогдчихсон хойно юу гэж ч ярьж болдог гэгчээр дараа нь өгье гэж байснаа одоо бүр огт өгөхгүй болчихсон л явж байна.
Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдчихсан учраас хүүхдүүдэд мөнгө өгч чадахгүй болсон гэж тайлбарлаад байгаа юм. Уг нь улс орны эдийн засаг хүндэрчихсэн гэдгийг парламентад сууж байсан хүмүүс ард иргэд биднээсээ л сайн мэддэг баймаар. Гэтэл \”эрх баригчид хүүхдүүдийг ялгаварлаж байна. Бид л олонх болж хүүхдүүдээ ялгахгүйгээр мөнгийг нь өгье\” гээд байсан даа. Одоо болохоор бидэнд мөнгө байхгүй.Тэгээд ч халамжийн буруу тогтолцоог халах хэрэгтэй гээд цэцэрхэж байдаг болж.
Янзын байгаа юм шүү. Саяхан Сангийн сайд Б.Чойжилсүрэн төсвийн тодотголоо өргөн барьсан. Энэ тодотголыг ирэх дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм байна. Энэ үеэр 2018, 2019 оны төсвийн төсөөллийг ч бас хэлэлцэх аж. Харин төсөөлөлд хүүхдэд зориулсан ширхэг зоос ч тусгагдахгүй тухай эх сурвалжууд мэдээлж байна. Мөн үүнийг нь хүүхдэд л мөнгө өгөхгүй бол болохгүй гэж уулзалт болгон дээрээ үглэж явсан эрхэм гишүүд дэмжинэ гэдгээ илэрхийлсэн ч сураг байна. Анхнаасаа үлгэр болчихоод байсныг тухайн үеийн эрх баригчид мэдээд л ангилал хийж байсныг өөрчилж, үлгэр зохиогоод өнөөх үлгэрээ эхлүүлж амжилгүй төгсгөв.
Шар хүү