Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү манай улсад айлчилж байна. Түүний онгоц 04.00 цагт Улаанбаатарт газарджээ. Наран улсын Гадаад хэргийн сайд Словак, Туркменистан, ОХУ-д ажиллаад Улаанбаатарт ирсэн байна.
АНУ-Ираны дайн дэлхийн олон улсын эдийн засагт шууд нөлөөлж, газрын тосны үнийг өсгөв. Дэлхийн хамгийн хүчирхэг улсуудын нэг болох Япон ч энэхүү сөрөг нөлөөнд өртжээ. Иймд Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү газрын тосны эрэлд гарч, гадаад айлчлалыг идэвхтэй хийж байна.
Япон Улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч энэ удаагийн айлчлал гурван зорилготой гэв.
Нэгдүгээрт, Хуулийн засаглалд үндэслэсэн, Номхон далайн түншлэлийг бэхжүүлэх. Ерөнхий сайд асан Абэ Шинзо арван жилийн өмнө энэ санаачилгыг гаргажээ. Номхон далайн улсууд өөр хоорондоо хуулийн дагуу, чөлөөт, нээлттэй худалдаа эрхлэх нь энэ санаачилгын гол зорилго юм.
Хоёрдугаарт, дэлхий дахинд үүссэн хурцадмал байдлыг намжаахын тулд хамтран ажиллах. Дэд бүтэц, эрчим хүчний салбарт хэрхэн хамтарч ажиллахаа тохирох.
Гуравдугаарт, хоёр тал хамтын ажиллагааны шинэ санал санаачилгуудаа харилцан сонсох.
Мотэги Тошимицү хоёр дахь удаа Гадаад хэргийн сайдаар ажиллаж байна. Тэрээр Монгол-Японы өндөр, дээд түвшний харилцан айлчлалуудыг хэрэгжүүлэх, давтамжийг хэвээр хадгалах, хоёр талын харилцааг бэхжүүлэхийг зорьж байна. Мөн манай улсын эрчим хүчний салбар биеэ даахад дэмжлэг үзүүлэх, агаарын замаар бусад улстай холбогдох бодлогыг дэмжинэ гэдгээ илэрхийлэхээр иржээ.
Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүгийн айлчлал “Азийн эрчим хүч” төсөлтэй холбоотой.
Чингис хаан нисэх онгоцны буудлыг Японы хөнгөлөлттэй зээлээр барьсан. Жилд 1.5 сая зорчигч хүлээн авах багтаамжтай тус нисэх буудлыг өргөтгөх шаардлага үүссэн юм. Дотоод гадаадын жуулчид нэмэгдэж, манай улс агаарын тээврийг чөлөөлөх (либералчлах) шийдвэр гаргасан юм. Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Японд айлчилж, нисэх буудлын өргөтгөлийн санхүүжилтийн талаар яриа хэлэлцээ хийгээд ирсэн.
“Чингис хаан” нисэх онгоцны буудлын өргөтгөлд нийт 65 тэрбум иений хөнгөлөлттэй зээл авахаар талууд тохирчээ. Зээлийн хугацаа 40 жил байна. Хүү жилийн 0.1-0.2 хувь буюу арилжааны зээлээс ихээхэн бага хүүтэй байна гэв. Мөн 3500 метр урт, онгоц буух зам барих, нисэх буудлын ажилтнуудыг сургах, өргөтгөлийг барьсны дараа менежментийг хамтран хэрэгжүүлэх юм байна.
Ормузын хоолойд үүссэн гацааны улмаас Япон улс “Азийн эрчим хүч” төслийг хэрэгжүүлж, Азийн улсуудад эрчим хүчний бие даасан байдлаа бэхжүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ гэв. Иранаас газрын тос худалдан авдаг Япон Ормузын хоолойд асуудал үүсэнгүүт АНУ-аас шатахуун худалдан авч, агуулах саваа нэмж барин, нөөцөө нэмэгдүүлж байна. Яг адил асуудалтай тулгарсан, Зүүн Өмнөд Азийн улсуудад санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэв.
Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүгийн айлчлал “Азийн эрчим хүч” төсөлтэй холбоотой гэж хэвлэлийн төлөөлөгч нь тайлбарлав. Мөн Япон-Монголын бизнес-эдийн засгийн харилцааг тэлэх, хиймэл оюуны салбарт монгол залуусыг сургах, улс төр, аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах боломжтойг онцлов.
Ирэх онд манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохионо. Энэхүү түүхэн ойг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлэх төлөвлөгөөг удахгүй батлах аж.










































































