Дэлхийн ихэнх метрополитан хотуудын гудамжийг нэг наст цэцгээр гоёдог жишгээр Налайх дүүрэг өнгө үзэмжээ сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тоосжилтийг багасгах зорилгоор Буян Налайх төвөөс Бөмбөрцөг хүртэлх зам дагуух 39 гэрлийн шонг нэг наст цэцгэн мандлаар чимлээ.
Нэг наст цэцэг буюу хун цэцэг нь өндөр ба сортоосоо хамааран 10см-70см хүртэл өндөр ургадаг. Нэг наст хун цэцгийг эрт цэцэглүүлэхийн тулд хавар 2,3-р сард үрслүүлэх нь тохиромжтой байдаг бөгөөд 18-20 градусын дулаантай болсон үед гадна талбайд шууд үрээр тарьж болно. Иш нь модлог учир цаг агаарын өөрчлөлтийг даах чадвартай, ягаан, нил ягаан, цагаан, улаан, алагласан өнгөтэй дан болон давхар дэлбээтэй, сагсгар болон энгийн хэлбэрийн олон төрлийн цэцэгтэй ургамал юм. Хэт их өндөр болдоггүй олон өнгийн цэцэгтэй тул гадна талбайн тохижилт чимэглэлд ашиглахад тохиромжтой юм. Жилийн дөрвөн улирал, уур амьсгалын эрс тэс нөхцлөөс шалтгаалж олон наст цэцэг тарих боломж байдаггүй байна.
Иймд Цэцэрлэгжүүлэлтийн албаны хамт олон нэг наст цэцгийн үрийг 3-р сараас өөрийн талбайд үрслүүлэн ургуулж, одоогийн байдлаар 39 гэрлийн шонд, 78 ширхэг цэцгийн мандал, 800 гаруй хун цэцгийг байршуулаад байна. Цаашид Налайхын төв зам дагуу 6500 цэцэг тарихаар төлөвлөөд байгаа юм байна.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ