Монгол Улс БНХАУ-ын соёлын хамтын ажиллагааны хүрээнд Хориотой хотын Таймиао ордонд гаргаж буй \”Тал нутгийн аялгуу” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр боллоо. Таймиао ордон нь Манжийн хааны өвөг дээдэстээ зориулан тахил өргөдөг сүм байсан ба Хориотой хотод манай зураачид үзэсгэлэнгээ анх удаа гаргаж буйгаараа онцлог юм. Үзэсгэлэнд хоёр орны 40 зураачийн үндэснийхээ ахуй амьдрал, зан заншлыг илтгэсэн 160 бүтээлийг дээжлэн тавьжээ. Үүнд, Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Чимиддорж, Л.Бумандорж, Д.Гунгаа, Д.Бадам, З.Уянга, Л.Ганхуяг, Т.Нурмаажав нар бүтээлээрээ оролцож байна. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монгол, Хятадын хамтарсан урлаг, соёлын арга хэмжээнд хоёр улсын нийгэм, соёл, улс төрийн нөлөө бүхий зочид, төлөөлөгчид оролцох юм. Үзэсгэлэн ирэх сарын 4-нийг хүртэл үргэлжлэх аж. Энэ хугацаанд монгол зураачид Датун хотоор аялан Хятадын ард түмний амьдрал, эртний сүмийг үзэж танилцан судалбар зураг зурах ажээ. Эдгээр судалбар зургаар ирэх жил Бээжин хотноо үзэсгэлэн гаргахаар төлөвлөсөн байна. \”Тал нутгийн аягуу” үзэсгэлэнг Монголын үзэгчдэд зориулан Уран зургийн галерейд арванхоёрдугаар сарын 1-нд гаргах ажээ.