Италийн кино найруулагч, жүжигчин Roberto Benigni-ын Life Is Beautiful (1997) гэх гайхалтай бүтээлийг үзээгүй хүн ховор биз. Тус кино нь нээлтээ хийсний дараа найруулагч кино зохиолтой ижил түүхтэй хүн байж магад хэмээн эрэл хайгуул хийсний эцэст АНУ-ын архиваас Юзеф Янек Шляйфтайн гэх хүүгийн талаар олж мэдсэн байна.
Тэрээр 1941 оны 3-р сарын 7-нд Польшийн Sandomierz хотод еврей гэр бүлд мэндэлжээ. 1942 оны 6-р сард Częstochowa хотод гангийн үйлдвэрт еврейчүүдийг ажиллуулахаар нацистууд баривчилгаа хийж, түүний гэр бүлийг авж явсан байна. Ажиллах боломжгүй өндөр настан, хүүхдүүдийг хорт хийтэй өрөөнд оруулж олноор нь амийг нь хороож байлаа.
Юзеф Янек Шляйфтайн хүүг аав нь хонгилд нууж чадсан бөгөөд тэр үед хүү ердөө л 1 настай байсан байна. 1,5 жил харанхуй хонгилд хүү хархнаас хамгаалах мууртайгаа нуугдсан байна. Аав ээж хоёр нь түүнийг хооллохоор бууж ирэх үед л гэрэл хардаг байв. 1943 онд Германы аймшигтай Buchenwald-ын хорих лагер руу бүгдийг шилжүүлсэн бөгөөд энэ үед хүүдээ аав нь тоглоом гэж итгүүлж чадсан байна.
2,5 настай хүүгээ ямар ч чимээ гаргахгүй томоотой байж чадвал \”ёотон өгнө\” гэж амлаад уутанд хийн ачиж замын турш хүүгээ бүү хөдлөөсэй гэж залбирсаар явсан гэдэг. Хүүгийн ээжийг Bergen-Belsen хорих лагер руу хуваарилсан бөгөөд аав хүү хоёр л үлдсэн байна. Buchenwald-ын хорих лагерт хоригдлууд хүүд талх авчирж өгч, борооны усаар амь зогоож байлаа. Хүү ер чанга ярьдаггүй байсан бөгөөд зөвхөн шивнэж ярина. Нэг удаа нэгжлэгээр илэрсэн ч хуяг ижилхэн хүүтэй учир өршөөж байсан гэдэг. Аав нь түүнд хэрэв харуулд баригдвал хар шидтэн гарч ирээд аваад явна гэж айлгадаг байжээ.
Тус хорих лагерт хүүхдүүдийг чадах чинээгээрээ нууж байсан бөгөөд 20 орчим хүүхэд дотор ирээдүйн нэрт кино зураглаач 4 настай Stefan Zweig хүү байсан гэдэг.
1945 онд дайн дуусахаас хэдхэн сарын өмнө Юзеф Янек Шляйфтайн хүү санамсаргүй байдлаар хорих лагерын даргад баригдаж аав нь түүний амийг гуйж, азаар мөн л амьд гарч байж. Зүүн фронт руу дахин нүүлгэн шилжүүлэлт болох үед хүү 1945 оны 11-р сар хүртэл эмнэлэгт нуугдсан байна.
Израиль Шляйфштейн хүүгийн хамт дайны дараа эхнэр Эсфирээ хайж олж чадсан юм. 1947 онд Юзеф Янек Шляйфштайн хамгийн залуу дайны гэмт хэргийн гэрч болсон байдаг. Тэд гэр бүлээрээ 1948 онд АНУ-д нүүн ирж амьдарчээ. 60 дөхсөн Юзеф Янек Шляйфштайн өмнө нь энэ түүхээ хэвлэлийнхэнд хэзээ ч ярьж өгч байгаагүй бөгөөд нэг л удаа ярилцлага өгсөн юм. Хэдий олон жил өнгөрсөн ч сэтгэл санааны маш хүнд байдалд ярилцлагаа дуусгасан гэдэг.