Нийслэлийн Онцгой байдлын газрын бүтцийн нэгжүүд энэ оны эхний есөн сард хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа хэлэлцлээ. НОБГ-ын харьяа бүтцийн нэгжүүдийн дарга, захирагч нар офицерын бүрэлдэхүүнд мэдээллийг хүргэсэн юм. Нийслэлийн Засаг Даргын 2017 оны эдийн засаг нийгмийн зорилт, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2017 онд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилт, бүтцийн нэгжүүдийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудын гүйцэтгэлийн чанар, хүртээмжийн талаар тэд онцолж байлаа.
НОБГ-ын бие бүрэлдэхүүн нь энэ оны эхний есөн сарын байдлаар ой, хээрийн түймрийн 18, объектын гал түймрийн 1934, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 223 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ.
Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын тоо 7,5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийслэлийн хэмжээнд гарсан аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос 693 хүний амь бие, аж ахуйн нэгж байгууллага, төр, иргэний 1,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран, хамгаалж ажилласан байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлсэн байна.
Тэд бол улаан гал руу амиа үл хайрлан зүтгэж, бусдын эд хөрөнгө, амь насыг авардаг БААТРУУД юм.