Хүйтэн дайны үед нисэх онгоцтой холбоотой олон хачирхалтай бөгөөд сонин зүйл тохиолдож байсны нэг нь одоо энд өгүүлэх нигэгчгүй \”МиГ-23\” онгоцны түүх юм. 1989 оны 7 дугаар сарын 4-ний өглөө дөнгөж амралтаасаа буцаж ирээд байсан ЗХУ-ын Улаантугийн одонт Померанскийн 871 дүгээр сөнөөгч онгоцны хорооны нисгэгч, хурандаа Николай Егорович Скуридин 29 дугаартай \”МиГ-23М\” онгоцоор хяналтын нислэг үйлдэхээр Польш дахь Колобже нисэх буудлаас хөөрчээ. Хурандаа Н.Е.Скуридин нь 1700 цагийн нислэг үйлдсэн 1-р зэргийн туршлагатай нисгэгч байв. Өглөөний 09.08 цагт, онгоц дөнгөж хөөрөөд 41 секундын дараа хөдөлгүүрийн хүч огцом алдагдаж, чичиргээ үүсч эхэлжээ. Болсон явдлын талаар төвд илтгээд хөдөлгүүрийг унтрааж, дахин асаах товчлуурыг дарсан боловч амжилтгүй болжээ. Төвөөс онгоцоо орхих команд өгсөний дараа хурандаа Н.Е.Скуридин катапульт хийж онгоцыг орхин шүхрээр эсэн мэнд газардсан байна. Гэвч нисгэгчгүй онгоц нь газарт унах нь бүү хэл баруун зүгт өндөр аван нисэж гарчээ. Эндээс бүх зүйл эхлэв.
10.00 цагийн үед зөвлөлтийн хойд цэргийн бүлэглэлийн нисэхийн командлагч хошууч генерал В.Огнев, ЗХУ-ын Нисэх хүчний командлагчид болсон явдлын тухай илтгээд \”Онгоц тэнгист унасан, ямар нэгэн хохирол байхгүй\” гэсэн нь бодит явдалтай зөрсөн юм. Хожим онгоцны хар хайрцагыг тайлж уншихад нисгэгч онгоцоо орхисноос хойш 6 секундын дараа хөдөлгүүр асаж хэвийн ажиллаж эхэлсэн ба \”автомат-жолоодлого\” дээр тохиргоо хийгдсэн онгоц нислэгийг цааш нь үргэлжлүүлсэн байдаг.
09.42 цагт баруун герман дахь НАТО-ийн радарт нисгэгчгүй онгоц үзэгдлээ. Нидерландын Сустерберг дахь АНУ-ын 32 дугаар тактикийн сөнөөгч онгоцны 2 нэгж \”Ф-15\” онгоцыг зөвлөлтийн онгоцны өөдөөс нисгэв. 10.05 цагт америкийн нисгэгчид төв рүүгээ зөвлөлтийн нисгэгчгүй \”МиГ-23\” онгоц 12000 метрийн өндөрт 740 км/цагийн хурдтай нисэж байгааг илтгэсэн байна. Нэгэнт нисгэгчгүй нь тодорхой болсон тул уг зөвлөлтийн онгоцыг аюултай гэж үзсэнгүй. Гэхдээ хүн ам суурьшсан хэсэгт унаж дэлбэрэхээс болгоомжилж хаана унахыг нь боломжоороо таамаглаж байв. Хэрвээ онгоц Францын Лилль хот хүрэх нь тодорхой бол замд нь буудаж устгах заавар аваад байлаа. Гэвч 10.37 цагт \”Миг-23М\” онгоц Зүүн болон Баруун Герман, Нидерланд, Бельгийн нутаг дэвсгэр дээгүүр дамжиж 901 км нисээд франц-бельгийн хилийн орчимд нэгэн тариачны байшинг мөргөж унасан юм. Унахдаа 19 настай хүүгийн амь үрэгдсэн байдаг. Энэ явдлын дараа Бельгийн тал ЗХУ-д хандаж албан ёсоор эсэргүүцэл илэрхийлсэн бөгөөд дараа нь зөвлөлтүүд 685 мянган ам.долларыг учирсан хохирлын төлбөр гэж өгчээ.
Р.Энхболд