Сүүлийн хэдэн арван жилд тохиож
байгаагүй дэлхийн хамгийн том өлсгөлөнгийн хямрал Йемен улсаад нүүрлээд байгааг
НҮБ-ынхан анхаарууллаа. Нэн яаралтай арга хэмжээ авч, тусламж хүргэхгүй бол
олон сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж үхэх аюул тулгараад байгааг онцлон мэдэгдлээ.
Тус байгууллагын хүмүүнлэгийн
асуудал хариуцсан ерөнхий нарийн бичгийн дарга Марк Лоукок нь Саудын Арабын
эвслийг мөргөлдөөнд нэрвэгдээд буй тус улсыг нэгтгэн, зөрчилдөөнийг арилгахад
хувь нэмрээ оруулахыг уриалсан байна.
Өнгөрөгч Даваа гаригт Гоутигийн
босогчид Рияд хотноо пуужин харвасны дараа тус эвслээс Йемен рүү чиглэсэн
агаар, газар болон тэнгсийн замуудыг хаасан юм. Дээрх баллистик пуужингийн
хэсэг Саудын нийслэлийн ойролцоо унасан байна.
Харин Саудын Арабын зүгээс ийнхүү
Йемен рүү чиглэсэн бүх замыг хааснаар Иранаас босогчдод зэвсэг хүргэх боломжгүй
болгоно хэмээн тайлбарлажээ. 2015 оноос хойш Саудын орнуудын эсвэлтэй
тэмцэлдсээр ирсэн Иран улс Йемений босогчдыг зэвсэг, техникээр хангаагүй гэдгээ
мэдэгдсэн аж.
Өнгөрөгч Лхагва гаригт хаалттай
болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны дараа ноён Лоукок \”Би зөвлөлд
яаралтай арга хэмжээ авахгүй бол Йеменд аймшигт өлсгөлөн нүүрлэнэ гэдгийг
мэдэгдсэн. Сүүлийн хэдэн арван жилд болж байгаагүй олон сая хүнийг хамруулсан
маш том өлсгөлөнгийн аюул нүүрлэх гээд байна” хэмээн ярьжээ.
НҮБ болон Улаан загалмайн
нийгэмлэгээс, \”олон улсын тусламж хандиваар амь зогоож байсан йеменчүүдийг
сүйрэлд хүргэж байна” хэмээн анхааруулсан байна. Тухайлбал, холер өвчний халдвар
авсан 900 мянган хүнд хүргэх ёстой эм, тариа бүхий ачааны хөлөг онгоцыг
нэвтрүүлэхгүй саатуулжээ. Мөн хоол хүнсний тусламжийн цувааг саатуулснаар 7 сая
хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюул тулгарчээ. Хэрэгцээний
бүхий л эд зүйлээ гаднаас авч буй Йеменд одоогоор хүнс, шатахуун, эм тариа гээд
ямар ч ачаа тээврийг нэвтрүүлэхгүй байгаа юм.
2015 оны гуравдугаар сараас өрнөсөн
Йемений иргэний дайнд 8,670 хүн амиа алдаж, 49,960 хүн шархадсан байна.
Орчуулсан Б.Бурмаа