Хүүгийнхээ цэцэрлэгийн бүртгэл, бас бэлтгэлийг амжуулах гэж өнгөрсөн долоо хоногт багагүй ажил амжууллаа. Есдүгээр сарын 1-ний өглөө гадаа тоглодог нөхөөстэй өмдтэйгөө будаг нь ханхалсан эрдмийн өргөөндөө очилтой нь биш. Ингэж бодоод аав, ээж, хүү гурав Дүнжингаравыг зорив оо. \”Нарантуул”-аас тухтай, наанадаж чихцэлдэж, цаанадаж суух газар олдохгүй гэхийн зовлон тэнд алга. Энэ жил хүүхдийн хувцасны үнэ дийлдэхээргүй шинжтэй шүү. Ганц биеийн тамирын өмд, бас жийнсэн өмд автал 51 мянган төгрөг болж байна гээд бод л доо. Хүү өнөөх өмдийг авна гээд зөрүүдэлчихсэн, худалдагч нь бараагаа \”шахах” гээд улайрчихсан. Ингээд л аргагүйн эрхэнд хүүгийн хүслийг ёсоор болгож үнэд ороод байгаа 50 кг гурил авах үнээр хоёрхон өмд аваад буцсан юм даа. Энэ тухай бодол толгойноос салж амжаагүй байтал дахиад л өнөөх зах руу явах хэрэг гарав аа. Бага хүүг харах хүнгүй болсон учраас бас л цэцэрлэгийн бараа харуулж, ганц хоёр ээлжийн хувцас авах хэрэгцээ гарсан нь энэ.
Өнөөх захын хаалгаар дөнгөж ортол \”5000” гэсэн үнийн дүнтэй баахан хувцас овоолоотой байв. Анхандаа \”Юу л байв гэж…” гэсээр тоохгүй өнгөрөх гэтэл хүмүүс овоорч шавааралдаад анхаарал татчихлаа. Нээрээ л үзтэл, чанартай, эдэлгээтэй гэхээр хөөрхөн хувцаснууд олноороо байна лээ. 50 мянгаар хоёр өмд авч байхаар бүр арван өмд авах боломж уг нь байж. Үүнээс хойш, хаа сайгүй хямрал даамжраад хоол, унданд хүртэл нөлөөлөөд байгаа энэ үед хямралын эсрэг хямдрал зарласан хүн л хожих нь шиг.
Гадаадын улсуудад хямдралыг жинхэнэ утгаар нь зарладаг. Харин манай оронд бол өмнө бичсэн үнийн цаасан дээрээ нэмж бичээд л хямдарчихсан гэж ойлгуулах гээд байдаг нь түвэгтэй. \”Задгай талбайн зад хямдрал” гээд л нэг их гоё нэр хоч өгсөн өдөрлөгүүдэд очиход энгийн үеийнхээс тэгж их ялгарах үнэ байдаггүй.
Өгөө, аваатай зах зээлд \”өгч” сурах л хэрэгтэй дээ, манай бизнесмэнүүд. Дандаа хөмсгөө зангидаж, тэнгэр баганадсан үнэ хэлж суухаар хэрэглэгчдээ идэвхжүүлэх итгэмээргүй хямд үнийг санаагаараа зарлаж болдоггүй юм болов уу. Тэгвэл хямралыг давах хөрөнгө энэ сургаар хөвөөд ороод ирэхгүй гэж үү.
Хямралын эсрэг хямдрал зарлахад бас ч үгүй ухаан зарах хэрэгтэй байж мэдэх л юм…