Монголын Үндэсний Их Сургууль /МҮИС/ гэсэн сүржин нэртэй даржин сургуулийн тухайд сайн мэдээ дуулдахаа болилоо. Өнгөрөгч 2014 онд БШУЯ-ны Дээд боловсролын хэлтэс, Боловсролын үнэлгээний төв шалган нягталсны үндсэн дээр БШУЯ-ны томилолтыг 2014 оны есдүгээр сард албан ёсоор хэвлэж олгодог байтал уг яамны томилолтыг Үндэсний их сургууль сургууль хоёр дахь жилдээ зургадугаар сард хуурамчаар үйлдсэн нь илэрч байв. Энэ хуурамч томилолтоо боловсролын үзэсгэлэн яармагийн үеэр хүмүүст тарааж байсныг ч уншигч та сайн санаж байгаа.
Гэтэл энэ жил сургуулиас нь шилжих гэсэн хүүхдүүдийн бичиг баримтыг өгөхгүй янз бүрийн арга хэрэглэж байгааг эцэг эхчүүд бидэнд гомдол гаргасан юм. Жишээ дурдвал өнгөрөгч 2014 онд тус сургуульд элсэн ороод нэгдүгээр ангиа төгссөн хүүхэд энэ жил өөр сургуульд шилжихээр болжээ. Харин бичиг баримтаа авахаар МҮИС-д иртэл бичиг баримтыг нь өгөхгүй. Архивын хүн солигдсон. Амарсан байгаа. Сургалтын алба амраад ирээгүй гэх зэргээр шалтаглаад бичиг баримтыг нь өгөөгүй аж. Ийнхүү арга саам хийсээр байгаад дараагийн сургуульд бүртгүүлэх хугацааг нь өнгөрөөсөн тухай эцэг эхчүүд гомдол гаргаж байна.
Мөн 2015 онд тус сургуульд шинээр бүртгүүлсэн хүүхэд сонголтоо өөрчилж, мөн л бичиг баримтаа авах болоход өгөхгүй арга саам хийсэн гэнэ. Ингээд нэгэнт бүртгүүлсэн учраас 50 мянган төгрөг өгч байж бичиг баримтаа ав гэжээ. Тиймээс өөр сургууль сонгосон хүүхэд арга буюу Үндэсний их сургуульд бүртгүүлснийхээ төлөө 50 мянган төгрөг төлж байж бичиг баримтаа арай гэж салгаж авчээ.
Тэгэхээр Ерөнхий боловсролын сургууль төгсч байгаа болон их дээд сургуульд элсэгчид анхаарч, чухам ямар сургууль сонгохоо судлахгүй бол хэцүү цаг иржээ. Ямартай ч МҮИС-д бүртгүүлэх юм уу, сурах юм бол бичиг баримтаа лав авч чадахгүй юм байна шүү. Тэгээд ч эцэг эхчүүд Монголын үндэсний их сургууль гэдэг чинь ломбард юм уу, сургууль юм уу хэмээн халаглаж байхыг сонслоо.