ХУД-ийн НАМЭХ хүмүүнлэг үйлсийг дэлгэрүүлэх, бие биенээ дэмжих зорилгоор \”НЭГ ӨРХӨД НЭГ ТУС АЯН\”-г 2009 оноос эхлэн зохион байгуулж иргэд, эмэгтэйчүүдийн амьдралд бодит дэмлэг үзүүлсээр иржээ. Өвлийн хүйтэн тачигнаж ес эхлэх дөхсөн энэ цаг үед тэд өрх гэрийг дулаан байлгах 10 портер нүүрсийг дүүргийнхээ алслагдсан 14-р хорооны айлуудад \”АРВАН ӨРХӨД ХАЛУУН ИЛЧ” уриан дор олгож чин сэтгэлийн тусламж үзүүллээ.
Сайн үйлсийн энэхүү аянд зориулагдсан нүүрсийг Монгол Улсын манлай уяач н.Батчулуун, түүний гэргий ХУД-ийн НАМЭХ-ны 14-р хорооны Салбар зөвлөлийн дарга А.Одонтуяа нарын гэр бүл санаачлан айлуудад олгосон байна. Хахир өвлийн хүйтэнд 10 өрх ханат цагаан гэртээ, ам бүлээрэй дулаан өвөлжих болсондоо талархалтайгаа буйгаа илэрхийлсэн юм.
\”НЭГ ӨРХӨД НЭГ ТУС АЯН\”-д санаачилгаараа нэгдэж айл өрх бүрт очиж нүүрсийг нь буулгаж өгсөн ХУД-ийн НАМЗХ-ны залуучууд болон нүүрсээ зах зээлийн үнээс буулгаж энэхүү ажлыг дэмжсэн худалдаачид, саадгүй хүргэсэн жолооч нартаа зохион байгуулагч эмэгтэйчүүд талархаж буйгаа илэрхийлсэн. Тусламжийн үеэр ХУД-ийн НАМЭХ-ны дарга С.Оюунбилэг, салбар зөвлөлийн дарга, тэргүүлэгчид, дүүргийн НАМЗХ-ны хамт олон айл өрхүүдээр орж тэдний амьдрал ахуйтай танилцан, иргэдтэй уулзлаа. \”Арван өрхөд халуун илч” уриатай хийгдсэн энэхүү ажил нэн шаардлагатай иргэддээ хүрч чадсан, цаг үеэ олсон ажил болсныг С.Оюунбилэг дарга онцлоод, ийм сайхан үйлсийг санаачлан, хорооныхоо иргэдэд хувиасаа тусласан Батчулуун уяачын гэр бүлд талархаж буйгаа илэрхийлсэн юм.
САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ